images

Дэлхийн хамгийн өндөр настан эд эсээ залуу хэвээр хадгалдаг гентэй байжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-26


   Өнгөрсөн наймдугаар сард 117 насандаа таалал төгссөн Испанийн иргэн Мария Бранас Морера нь эд эсээ залуу хэвээр хадгалдаг гентэй байсныг судалгаагаар тогтоожээ. Их Британийн “The Guardian” сонины мэдээлснээр, нас барахаас нь өмнө түүний урт наслалтын нууцыг судалж байсан Барселонагийн их сургуулийн судлаачид дээрх судалгааны үр дүнг гаргажээ. 2023 оны нэгдүгээр сард Францын гэлэнмаа Люсиль Ландон 118 насандаа өөд болсны дараа Мария Бранас дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорч Гиннесийн амжилтын номонд бичигдсэн юм. Тэрбээр урт насалсан нууцынхаа талаар "Дэг журам, тайван байдлыг эрхэмлэх, гэр бүл, найз нөхөдтэйгээ сайн харилцаатай байх, байгальд аялах, сэтгэл санаа өөдрөг байх, муу хүмүүсээс хол байх” хэмээн зөвлөж байсан юм. Генетикийн профессор Манел Эстеллерээр удирдуулсан багийн судалгаанаас үзэхэд түүний ген нь эд эсээ 17 насаар залуу байлгаж байсан бөгөөд түүгээр үл барам гэдэсний бактери нь бараг нярай хүүхдийнхтэй ижил түвшинд байжээ. Мария Бранас гуай хоолны дэглэм сайн барьдаг, өдөрт гурван удаа тараг уудаг, архи, тамхинаас хол хөндий хүн байсан гэнэ. Тэрбээр 1907 оны гуравдугаар сарын 4-ны өдөр Калифорниа мужийн Сан Франциско хотод испани аав, мексик ээжийн дундаас төржээ. Испани ханиад, Дэлхийн I, II дайн зэрэг олон түүхэн үйл явдлыг үзэж туулсан тэрбээр 2020 онд COVID-19-ийн халдвар авсан боловч онцын хүндрэлгүй амархан эдгэрсэн аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.