images

Голланд: Мэс засалд орсон хүү төрөлх хэлээ мартаж англи хэлээр ярих болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-26


   Өсвөр насны голланд хүү өвдөгний үений мэс засал хийлгэсний дараа төрөлх хэлээрээ ярьж чадахгүй, зөвхөн англиар л ярих болсон тухай мэдээ олны анхаарал татаж байна. Америкийн шинжлэх ухааны мэдээллийн “Live Science” сайтын мэдээлснээр, Голландын иргэн 17 настай А хөл бөмбөг тоглож байгаад бэртэл авч, өвдөгний мэс засалд орсон байна. Хагалгаа амжилттай болсон ч хүү төрөлх голланд хэлээрээ ярьж, ойлгож чадахгүй, эцэг эхээ ч танихгүй, зөвхөн англиар ярьж, өөрийгөө АНУ-д байгаа гэж хэлсэн байна. Хагалгаанд орохоосоо өмнө тэрбээр хичээлийн цагаар л англи хэл үздэг, англи хэлээр ярьдаг улс оронд хамаатан садан байхгүй, нэг ч удаа гадаад явж үзээгүй гэнэ. Мэс заслын дараа түүнийг англиар ярьж эхлэхэд эмч мэдээ алдуулалтаас үүдэлтэй дэмийрлийн шинж тэмдэг гэж тайлбарласан ч хэдэн цаг өнгөрсөн хойно төрөлх хэлээрээ ярьж чадахгүй байсаар эцэст нь сэтгэцийн эмчид үзүүлжээ. Эмчийн үзлэгээр түүний сэтгэцэд ямар нэгэн эмгэг илрээгүй бөгөөд эмнэлгийн баг "Гадаад хэлний хам шинж (Foreign Language Syndrome)" гэж оношилсон байна. Энэ нь өвчтөн мэс засал хийлгэсний дараа тодорхой хугацаанд төрөлх хэлнийхээ оронд өөр хэлийг ухамсаргүйгээр хэрэглэх синдром юм. Мэс засал хийлгэснээс хойш 18 цагийн дараа А голланд хэлээр ойлгож эхэлсэн бөгөөд 24 цагийн дараа найзуудтайгаа уулзаад төрөлх хэлээрээ бага сага ярих болжээ. Улмаар гурав хоногийн дараа эмнэлгээс гарч, гурван долоо хоног өнгөрсөн хойно шинжилгээ хийж үзэхэд голланд хэлээрээ төвөггүй ярьдаг болсон байна. Гадаад хэлний хам шинж нь маш ховор тохиолддог эмгэг бөгөөд анагаахын судалгаанд ердөө есөн тохиолдол бүртгэгдсэн байна. Шалтгаан нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд мэдээ алдуулах эм нь танин мэдэхүйд нөлөөлдөг, улмаар төв мэдрэлийн системээс мэдээ алдуулагч саармагжих явцад дэмийрэл үүсдэгтэй холбон тайлбарлаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.