Япон: Үйлчилгээний ажилчдын энгэрийн тэмдэг дээр овог нэр бичихгүй
Анд нөхдийн мэдээ
2025-03-26
Япон улсын зоогийн газар, хүнсний дэлгүүр, сүпермаркет, зочид буудал зэрэг үйлчилгээний ажилчид энгэртээ овог нэрээ бичсэн энгэрийн тэмдэг зүүдэг заншилтай. Энэ нь үйлчлүүлэгчдэд найрсаг, зочломтгой хандаж, дахин үйлчлүүлэхийг санал болгосон нэг төрлийн соёл юм. Харин сүүлийн үед үүнийг халах хөдөлгөөн эрчимтэй өрнөж, орон нутагт хэрэгжиж эхэлсэн бөгөөд шалтгааныг хувийн мэдээлэлтэй холбоотой элдэв хүчирхийлэлтэй холбон тайлбарлаж байна. “Berg” хүнсний сүлжээ дэлгүүр саяхнаас эхлэн ажилчдынхаа нэрийн шошгон дээр зөвхөн STAFF гэж бичих болжээ. Тус сүлжээ дэлгүүрийн 973 ажилтны 97 хувь нь үүнийг дэмжиж, овог нэрээр нь дуудан доромжлох, дарамтлах явдал буурсан гэж хариулсан байна. Өнгөрсөн жил явуулсан судалгаагаар, үйлчилгээний газруудын арван ажилтан тутмын дөрөв нь элдэв дарамтад өртөж байсан, нэрээр нь дуудан доромжлох, овог нэрийг нь олон нийтийн сүлжээнд нийтэлнэ гэж заналхийлэх зэрэг тохиолдол байнга гардаг байсныг тогтоожээ. Дээрх кампанит ажилд зөвхөн хүнсний дэлгүүрүүд төдийгүй зочид буудал, нийтийн тээврийн компаниуд хамрагдаж, ажилчдын энгэрийн тэмдэг дээрх нэрийг халж оронд нь зохиомол нэр бичих, эсвэл зөвхөн албан тушаалыг нь тэмдэглэж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.