images

Энэтхэгийн алдарт дуучны хоёр дахь дуу Монголтой ямар хамаатай вэ?


   Энэтхэгийн алдарт дуучин, Болливүдийн жүжигчин Мохит Чаухан Монголын уран бүтээлчидтэй хамтран “Shokhiyaan” нэртэй хайрын сэдэвтэй дуу бүтээж энэ сарын 19-нд албан ёсоор олон нийтэд танилцууллаа. Одоогийн байдлаар түүний шинэ дууг “Youtube” платформоос долоо хоногийн дотор 4.1 сая хүн сонссон байна. Тэрбээр дуугаа цацсан өдрөө Монгол улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайдын яамны зохион байгуулсан хоёр улсын дипломат харилцааны 70 жилийн ойн баярт оролцжээ. Дууг М.Чаухан хинди, урду хэлээр дуулж Улаанбаатарт “EB Production студид хоолойгоо бичүүлсэн бол дууны хөгжмийн ятга, морин хуур, бөмбөрийг Монголын “Уул ус” хамтлагийнхан тоглосон байна. Дуучин мөн клипэндээ Монголд ажиллаж, аялж буй зургуудаа оруулжээ. Түүний энэ шинэ уран бүтээл “Musafir” цомгийнх нь гурав дахь дуу бөгөөд 2024 оны хоёрдугаар сард энэ цомгийнхоо анхны дуу “Duur”-ыг Монголын төрийн туульч Э.Баатаржавтай хамтран гаргаж байв. М.Чаухан 2022 оны зургаадугаар сараас хойш Энэтхэг дэх Монголын соёлын элчээр ажиллаж байгаа юм. Тиймээс “Shokhiyaan”, “Duur” дууны бичлэгт Монголын байгаль, ёс заншлыг харуулдаг. Тэрбээр “Musafir” цомгийнхоо арван дууны зургааг Монголын уран бүтээлчидтэй хамтран амилуулснаас гурвыг нь Э.Баатаржавтай хамтран бүтээснээ өнгөрсөн онд зарлаж байсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.