Франц: Версалийн ордныг залилсан эртний эдлэл урлаачид шүүхэд дуудагдав
Анд нөхдийн мэдээ
2025-03-27
Францын алдартай тавилгын мэргэжилтнүүд 18 дугаар зууны үеийн хааны ордны тавилгыг хуурамчаар хийж, Версалийн ордон зэрэг хэд хэдэн байгууллагыг залилсан хэргээр шүүхэд дуудагдав. “Le Monde” сонины мэдээлснээр, эртний тавилгын мэргэжилтэн Билл Палот, модон эдлэлийн алдартай мэргэжилтэн Бруно Денү нар энэ хэрэгт холбогджээ. Б.Пало нь эртний эдлэлийн худалдаачны гэр бүлд төрсөн, Сорбонны их сургуульд урлагийн түүх заадагажээ. Тэрбээр энэ салбартаа маш их алдартай тул түүнийг "Сандлын эцэг" гэж нэрлэдэг байсан аж. Б.Денү мөн Парист хамгийн алдартай тавилга сэргээн засварлах цех ажиллуулдаг байсан бөгөөд 1984 онд гоёл чимэглэлийн салбарын шилдгээр шалгарч шагнал хүртэж байжээ. Тэднийг 18 дугаар зууны үеийн хатан хаан Мариа-Антуанетта болон Дюборри Жанна хатны хэрэглэж байсан сандлыг дуурайлган хийж өндөр үнээр худалдсан хэрэгт буруутгаж байна. Тэд хуурамчаар хийсэн сандалдаа хиймэл зураас, ул мөр гаргаж, түүнийгээ “Эртний эдлэлд үлдсэн түүхэн ул мөр” хэмээн үнэмшүүлсэн байна. Улмаар эртний сандлын эх хувиас нь авсан шошго нааж, хуурамч тамга даран жинхэнэ эртний эдлэл мэт харагдуулж, зуучлагчаар дамжуулан дэлхийд алдартай галерейд худалдах санал тавьж байсан нь тогтоогджээ. Тэдний бүтээсэн хуурамч сандал маш нарийн хийцтэй байсан тул эртний эдлэлийн худалдаачид, галерей, Версалийн ордон, тэр ч байтугай Катарын хунтайж хүртэл хууртагдсан байна. 2009 онд Версалийн ордон түүхэн эртний эдлэлийн дуудлага худалдаанаас Дюборри Жанна хатны хэрэглэж байсан гэх хос сандлыг 840 мянган еврогоор худалдан авчээ. Мөн Катарын хунтайж Абдулла бин Халифа Альтани ийм хос сандлыг 2 сая еврогоор авсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.