Харвардын профессорууд Д.Трампын бодлогыг эсэргүүцэв
Анд нөхдийн мэдээ
2025-03-28
АНУ-ын оюуны уурхай болсон Харвардын их сургуулийн 600 гаруй профессор Засгийн газрын явуулж буй бодлого ардчиллын зарчимтай шууд зөрчилдөж байна хэмээн шүүмжилж эсэргүүцэл илэрхийлэв. Тус сургуулийн есөн тэнхимийн профессорууд Д.Трампын засаг захиргааны бодлогыг шүүмжилж гарын үсэг цуглуулан сургуулийн Удирдах зөвлөлд илгээсэн байна. Тэд Д.Трампын засаг захиргаа сургуулийн санхүүжилтыг хязгаарлах, эсэргүүцэл илэрхийлсэн оюутнуудыг баривчлах зэргээр Харвардын эрх чөлөөнд заналхийлж байгааг Удирдах зөвлөл эсэргүүцэх ёстойг онцолжээ. Улмаар Засгийн газрын энэ мэт халдлагыг зогсоохгүй бол Колумбын их сургууль шиг болно гэж үзэж байгаа аж. Израилийн эсрэг жагсаал цуглаан ихээр хийх болсон Колумбын их сургуульд Холбооны засгийн газраас үзүүлдэг 400 сая долларын санхүүжилтыг зогсоосон тухай Д.Трампын засаг захиргаа саяхан мэдэгдсэн юм. Тэр цагаас хойш Колумбын их сургууль Цагаан ордны шаардлагыг биелүүлж, сургуулийн хотхон дотор баривчлах эрх бүхий 36 цагдаагийн тусгай албан хаагчийг ажиллуулах болсон байна. 600 профессорын эсэргүүцлийн дараа Харвардын 500 орчим төгсөгч сургуулийн ректорт захидал илгээж, Харвардын эрх чөлөөг хамгаалж, үйл ажиллагааныхаа хараат бус байдлыг хадгалах амлалтаа биелүүлэхийг уриалжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.