Алдарт жүжигчин Жерар Депардьегийн Оросын иргэний паспортыг хурааж авахыг уриалав
Анд нөхдийн мэдээ
2025-03-28
ОХУ-ын “Шударга Орос-Үнэний төлөө” намын дарга Сергей Миронов Францын алдарт жүжигчин Жерар Депардьег Оросын иргэнээс хасахыг уриалав. Мэдээллийн lenta.ru сайтад бичсэнээр С.Миронов ийн уриалаад зогсохгүй Ж.Депардьег “шалбааг“, “адгийн харамч” хэмээн хэлжээ. 2013 онд тус улсын иргэн болсон Ж.Депардьегээс ОХУ-ын иргэний паспортыг нь хураан авахыг хоёр жилийн өмнө мөн уриалж байснаа тэрбээр дурдаад “Энэ нөхрийн Францдаа татвар төлөхөөс нарийлаад наашаа чичирч зүтгэснийг бид ямар мэдэхгүй биш. Хүн харамч, нарийн байж болно, сайхан сэтгэлээр хүлээж авч толгой хоргодуулсан улсаа хүндэтгэх хэрэгтэй” хэмээн хэлснийг lenta.ru эшилжээ. Бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хоёр ч хэрэг нь Францын шүүхэд өнгөрсөн долоо хоногт хэлэлцэгдэж эхлээд буй Ж.Депардье шүүх хурал дээр эрээ цээргүй авирласан бөгөөд үүнийгээ тайлбарлахдаа “Намайг орос маягийн хүн гэж хүмүүс зэмлэдэг. Архи их уудаг, бүдүүлэг загнадгийг маань хэлж байгаа байж магадгүй” гэсэн нь Оросын олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэлтэй тулгараад байгаа юм. Үүний дараа түүний өмгөөлөгч тайлбар хийхдээ “Миний үйлчлүүлэгч ийм зүйл огт хэлээгүй. Тэрбээр Орос орон, Оросын ард түмнийг хайрладаг” гэжээ. Гэвч энэ нь нэмэр болоогүйгээр үл барам Оросын нэр хүндтэй улс төрчийг ийн хэлэхэд хүргэв. С.Миронов энэ талаар хэлэхдээ мөн хэдэн жилийн өмнө Оросын иргэн болсон өөр нэг хүнээр жишээ татсан бөгөөд тэр нь Холливүүдийн жүжигчин Стивэн Сигал байв. “Сигал бол жинхэнэ эр хүн. Сайн, муугийн ялгааг маш сайн мэднэ. Харин энэ шалбаагийг бол паспортыг нь хурааж авч хөөж явуулаад бүх хөрөнгийг нь улсын орлого болгох хэрэгтэй” гэжээ.
Эдүгээ 76 настай Ж.Депардье 2012 онд Бельгид суурьшиж улмаар Францын иргэншлээс татгалзсан юм. Тухайн үед Франц улс баячуудаас авах татвараа нэмэгдүүлсэн нь түүний ийм шийдвэр гаргах шалтгаан болсон бөгөөд энэ алхамыг нь тухайн үеийн ерөнхий сайд Жан-Марк Эйро “хөөрхийлөлтэй, жигшүүртэй явдал” хэмээж байв. Үүний хариуд Ж.Депардье Францын иргэнийхээ хувьд сүүлийн 45 жилд 145 сая еврогийн татвар төлснөө дурдаж байжээ. Харин 2013 онд В.Путины зарлигаар ОХУ түүнд иргэний харьяалал олгосон юм. Оросын иргэн болсноосоо хойш Ж.Депардье тус улсад бүтээсэн хэд хэдэн киноны туслах дүрд тоглосон билээ.
Гэрэл зургийн эх сурвалж: Alexis Sciard / Keystone Press Agency / Globallookpress.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.