images

БНСУ-ын Гадаад хэргийн яам визний асуудлаар цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2025-03-28


   БНСУ-д суугаа Монгол улсын Элчин сайд С.Сүхболд тус улсын Гадаад хэргийн яамны Консул, аюулгүй байдлын газрын захирал Юн Чусоктой өнгөрсөн 25-ны өдөр уулзжээ. Элчин сайд С.Сүхболд Монгол улсын иргэдээс виз мэдүүлэх материалд төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” цахим системээс олгогддог үндэсний гадаад паспортын лавлагааг хүчин төгөлдөрт тооцуулах саналыг Гадаад харилцааны яамны ноот бичгээр хэд хэдэн удаа хүргүүлсэн асуудалд ахиц гаргах асуудлыг эн түрүүнд хөндсөн байна. Улмаар Монгол улсын иргэд БНСУ-ын виз мэдүүлсэн хугацаандаа гадаадын бусад улс орнуудад чөлөөтэй зорчих нөхцөл хязгаарлагдахгүй байх талаар шийдвэр гаргах зайлшгүй хэрэгцээтэй байгааг онцолжээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын зохих журам, шалгуурын дагуу виз авсан иргэдийг хил дээрээс буцаахгүй байх, хилээр шалган нэвтрүүлэх явцад иргэдийн гар утсыг шалган хувийн мэдээлэлд халдаж буйг зогсоох, эмчилгээний визний шаардлагаас чөлөөлөх асуудлыг бодит ажил болгох талаар ярилцсан байна. Эмчилгээнд хамрагдагсадын визийн шаардлагын асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны сүүлийн хуралдаанаар ч тавьсан юм.

   БНСУ-ын талаас суугаа улсын хуулиар виз олгохдоо хүчин төгөлдөр баримт бичгийг шалгах зохицуулалтын дагуу гадаад паспортыг хурааж буйг Хууль зүйн яамтайгаа зөвлөлдөн шийдвэрлэхээ ноён Юн Чусок мэдэгджээ. Мөн Монгол улс дахь БНСУ-ын ЭСЯ-ны визний асуудал хариуцсан ажилтны тоог нэмэгдүүлж, виз олголтын хугацааг багасгасан, гадаад иргэдийг хүлээн авч эмчлэх албан ёсны эрхтэй, хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгээс нотолгоогоо авсан өвчтөн эмчилгээний визээ цахимаар мэдүүлэх, санхүүгийн баталгаа шаардахгүй зэрэг дэвшилтэт шийдвэрүүд саяханаас хүчин төгөлдөр мөрдөгдөж байгааг онцолсон байна. Бусад дурдагдсан асуудлаар цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа ч ноён Юн Чусок мөн илэрхийлжээ.

Гэрэл зургийн эх сурвалж: ROK MOFA

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.