images

Малчин айлын нэг хүүхдийг их, дээд сургуульд үнэгүй сургана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-31


   Малчны тухай хуульд, арваас доошгүй жил тасралтгүй мал малласан иргэний нэг хүүхдийг их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцуулна гэж заасан байдаг. Ингэхдээ тухайн малчны хүүхэд нь төрийн өмчийн сургуульд мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлээр мэргэжил эзэмших болзолтой юм. Тэгвэл хуулийн хэрэгжилтийг хангуулахаар Боловсролын зээлийн сангийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулан эргэн төлөлтийг хурдасгах арга хэмжээ авч байгаа ажээ. Ингэснээр есдүгээр сарын 1-нээс хуульд заасны дагуу малчны хүүхдийг үнэ төлбөргүй сургах боломж бүрдэхийг Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдлээ. Малчны тухай хууль өнгөрсөн оны зургаадугаар сард УИХ-ын чуулганаар батлагдаж, энэ оны эхнээс хүчин төгөлдөр болсон билээ. Хуульд малчдыг орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах, зээлийн хөнгөлөлт үзүүлэх; гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, түүнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь Засгийн газрын нөөц сангаас олгох; гамшигт болон аюулт үзэгдэлд нийт мал сүргийнх нь 50 хувиас доошгүй нь өртсөн малчин өрх, эсхүл хонин толгойд шилжүүлснээр 250 хүртэл малтай, эсхүл 16-40 хүртэлх насны малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамруулах; өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх гэх мэт малчдад чиглэсэн төрөөс авч хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болгосон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.