images

Америкийн бэлгэдэл болсон Сэм авга гэдэг нэр ямар учиртай вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-01


   Америкийн далбааны зурагтай малгай, хүрэм өмссөн, Сэм авга нэртэй, дунд эргэм насны цагаан арьст эрэгтэй хүний дүр XIX зууны эхэн үеэс эхлэн АНУ-ын бэлгэдэл болжээ. Тус улсад "Та Сэм авгад өртэй" гэсэн хэллэг байдаг нь "Та улсдаа татвараа төлөх ёстой" гэсэн утга илэрхийлдэг аж. Америкт эрэгтэй хүний Том, Жон нэр хамгийн түгээмэл байдал атал Сэм гэдэг нэр яагаад улсын бэлгэдэл болтлоо алдаршсан бэ?

   Энэ нь 1766-1854 онд амьдарч байсан Сэмюэль Вилсон гэдэг хүнтэй холбоотой юм. 1812 оны дайн ид өрнөж байх үед Нью-Йорк мужид мах худалддаг байсан Сэмюэль Вилсон хэмээх эр АНУ-ын армид давсалсан үхрийн мах нийлүүлэх гэрээ байгуулжээ. Түүний нийлүүлдэг лаазалсан махан дээр US буюу АНУ гэсэн тамга дардаг байж. Харин лаазалсан махыг армийн арын албанд хүргэж өгдөг байсан ажилчид US гэсэн бичгийг “Uncle Samuel” буюу Сэм авга гэж ойлгодог, цэргүүд ч уг бүтээгдэхүүнийг "Сэм авгын илгээсэн бэлэг" гэж боддог байсан байна. Үүнээс улбаалан US гэсэн тэмдэгтэй цэргийн бусад хангамжийн барааг ч Сэмюэлийн бэлэг гэж үздэг байжээ. Энэ хэдий ташаа ойлголт байсан боловч нэгэнт нийтэд түгсэн тул 1961 онд АНУ-ын Конгресс С.Вилсоныг "Сэм авга" хэмээх нэрийн эзэн хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэнэ. С.Вилсоны амьдарч байсан Нью-Йорк мужийн Трой хотын иргэд үүнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд С.Вилсоны дурсгалыг мөнхжүүлж музей, хөшөө байгуулсны зэрэгцээ, оршуулсан газрыг нь хүртэл жуулчдын зорин очдог цогцолбор болгожээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.