images

Тажикистан, Узбекистан, Киргизстан гурван улс хилийн маргаанаа эцэслэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-01


   Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Тажикистан, Узбекистан, Киргизстан гурван улс 30 гаруй жилийн турш маргаантай байсаар ирсэн Ферганы хөндийн хилийн зурвасыг тогтоох гэрээнд гарын үсэг зурлаа. AFP агентлагийн мэдээлснээр, Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон, Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар өчигдөр Тажикистаны Хужанд хотод уулзаж, гэрээнд гарын үсэг зурсан байна. 22,000 км.кв талбай бүхий Ферганы хөндий нь гурван улсын хилийн уулзвар бөгөөд 1991 онд ЗХУ задран унаснаас хойш хилийн асуудлаас болж зэвсэгт мөргөлдөөн хүртэл гарч байжээ. Уулзалтын дараа гурван улсын удирдагч мэдэгдэл хийж “Бид ах дүү улс” хэмээн тэмдэглээд цаашид эрчим хүч, тээврийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсоноо мэдэгдэв. Үүний өмнө 2023 онд Киргизстан, Узбекистан улс хилийн маргааныг зохицуулах хэлэлцээрт гарын үсэг зурж, мөн онд Тажикистан, Киргизстан улс хилийн хэлэлцээрээ эцэслэн баталсан юм. Хилийн гэрээнд усны нөөцийг хамтран ашиглах, худалдааг дэмжих, байгалийн баялаг ихтэй Төв Азийн бүс нутагт тогтвортой байдлыг хадгалах зэрэг заалт багтжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.