Нобелийн шагналт, Коста Рикагийн экс ерөнхийлөгчийн АНУ-д нэвтрэх визийг цуцалжээ
Анд нөхдийн мэдээ
2025-04-02
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаглалын гадаад бодлогыг шүүмжилсэн Коста Рикагийн экс ерөнхийлөгчийн АНУ-д нэвтрэх визийг цуцалжээ. Тодруулбал Коста Рика улсын ерөнхийлөгч асан Оскар Ариас хэвлэлийн бага хурал хийж, "Саяхан миний АНУ-д нэвтрэх визийг цуцалсан тухай мэдэгдэл хүлээн авлаа. Харамсалтай нь Д.Трампын засаг захиргаа дарангуйлал руу шилжиж байна” гэж мэдэгдсэн байна. Улмаар "Надад АНУ руу аялах төлөвлөгөө байхгүй, тиймээс энэ нь миний хувьд тийм ноцтой зүйл биш” гэжээ. Тэрбээр саяхан Д.Трампын бодлогыг хурцаар шүүмжилсэн нь виз цуцлах шалтгаан болсон байх гэж Коста Рикагийн хэвлэлүүд мэдээлж байна. Төв Америкийн энэ улсын ерөнхийлөгчийн албыг хоёр удаа (1986-1990, 2006-2010) хашсан О.Ариас өнгөрсөн сарын 4-ны өдөр одоогийн Засгийн газрын АНУ-руу чиглэсэн дипломат бодлогыг эрс буруушааж, Д.Трампыг хатуу шүүмжилсэн юм. Тэрбээр Фэйсбүүк хуудсандаа "Жижиг улс АНУ-ын Засгийн газартай санал нийлэхгүй байх нь ямагт эрсдэл дагуулдаг. Ялангуяа Америкийн ерөнхийлөгч Ромын эзэн хаан шиг хавьтсан болгоноо захиран тушааж байгаа энэ үед бүр ч хэцүү" гэж бичжээ. Тэрчлэн "Намайг улс орноо удирдаж байх үед Коста Рика гадил жимсний бүгд найрамдах улс байгаагүй" гэсэн байна. Гадил жимсний бүгд найрамдах улс гэдэг нь ганц нэг үйлдвэрлэлээс ихээхэн хамааралтай, олон улсын хөрөнгийн нөлөөнд автдаг, улс төрийн хувьд тогтворгүй байдаг Төв Америкийн оруудыг нэрлэсэн доромж утгатай нэр томъёо юм. Мөн тэрбээр "Америк бол дайсан хайдаг үндэстэн. Өнөөдөр тэр дайсан нь Хятад болжээ" гээд АНУ нь Хятадаар шалтаглан цэргийн зардлаа нэмэгдүүлж байгааг шүүмжилсэн байна. Ерөнхийлөгч асан О.Ариасыг 1980-аад оны иргэний дайны улмаас үймээн самуунд нэрвэгдээд байсан Төв Америкт АНУ тэргүүтэй томоохон гүрнүүд цэргийн дэмжлэг үзүүлэхийг эсэргүүцэж, мөн бүс нутагт энхийг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулсан хэмээн үзэж 1987 онд Нобелийн энх тайвны шагнал олгож байжээ. Тэрбээр ерөнхийлөгчийн суудлаасаа буусны дараа өөрийнхөө нэрэмжит энх тайвны сан байгуулж, зэвсэг хорогдуулах кампанит ажил өрнүүлсээр ирсэн хүн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.