Израилийн Ерөнхий сайдыг авлигын хэрэгт сэжиглэж байна
Анд нөхдийн мэдээ
2025-04-02
Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг Катар улсаас их хэмжээний мөнгө авсан гэх “Катаргэйт” дуулианы мөрөөр тус улсын Мөрдөн байцаах албаныхан шалгаж эхлээд байна. CNN агентлагийн мэдээлснээр, Израилийн цагдаа нар Б.Нетаньяхугийн ойрын хүмүүс болох Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч асан Эли Фельдштейн, Тамгын газрын дарга Йонатан Урич нарыг гурав хоног баривчлан саатуулах зөвшөөрөл авч мөрдөн байцааж эхэлсэн байна. Тэднийг олон нийтийн санаа бодлыг Катар улсын сонирхолд ашигтайгаар эргүүлэхийн тулд авлига авсан, үүндээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашигласан гэх хэрэгт буруутгаад байгаа бөгөөд Б.Нетаньяху мөн цагдаад байцаагджээ. Ерөнхий сайдыг Катар улсаас 65 сая ам.долларын авлига авсан хэрэгт сэжиглэж байгаа аж. Б.Нетаньяхугийн толгойлдог нам дахь улс төрийн өрсөлдөгч, Батлан хамгаалахын сайд асан Моше Ялон өнгөрсөн сарын 11-ний өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа түүнийг 2012 онд 15 сая доллар, 2018 онд 50 сая доллар авсан гэж мэдэгдсэний дараа хуулийн байгууллага ийнхүү шалгаж эхэлжээ. Катарын Засгийн газартай гэрээ байгуулсан Э.Фельдштейн Ерөнхий сайдын ажлын албанд ажиллаж байхдаа Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн талаар Катарт тал зассан нийтлэлүүдийг хэвлэлээр цацсан нь тогтоогдсон бол Й.Урич нь 2022 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Катарыг сурталчлахаар шаргуу ажиллаж байжээ. Харин Б.Нетаньяху энэ бүхнийг үгүйсгэж "Энэ бол зүгээр л улс төр, намайг намнах гэсэн оролдлого” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.