images

Инээдмийн баяраар үзэгчдээ үнэмштэл хуурсан шилдэг нэвтрүүлэг хэзээ, хаана гарсан бэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-02


   Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл ор үндэсгүй худал мэдээллийг үнэн мэтээр цацан уншигчдаа хуурч хошигнодог тохиолдол бий. Үүний хамгийн тод жишээ бол 1957 онд Их Британийн BBC телевизээр анх нэвтрүүлсэн 4 дүгээр сарын 1-ний өдрийн нэвтрүүлэг юм. Тухайн үед BBC цаг агаар урьд хожид байгаагүйгээр их дулаарснаас Швейцарын нэгэн фермд шпагетти гоймон ургасан тухай мэдээ нэвтрүүлжээ. Модны мөчрөөс дүүжлэгдсэн гоймонг хүүхнүүд хурааж буй зураг  нийтэлсний дараа үзэгчид гоймон тарьж ургуулах талаар сонирхож эхэлсэн байна. Энэхүү нэвтрүүлгийг түүхэнд Инээдмийн баяраар олон хүнийг хамгийн сайн хуурсан явдал гэж үздэг ажээ. Мөн 2008 онд ВВС-ийн байгалийн тухай баримтат киноны трэйлерээр үзүүлсэн нисдэг оцон шувуудын талаарх мэдээ ч олны анхаарлыг маш ихээр татсан түүхтэй. Антарктидын ойролцоох Кинг Жорж арал дээр олон жил оцон шувуу ажигласан багийнхан тэнгэрт оцон шувуу нисч байхыг харсан гэх уг мэдээнд маш олон үзэгч хууртагдсан байна. Мэдээг үнэмшилтэй болгохын тулд продюсерийн багийнхан арал дээр цаг агаар эрс муудаж байгаа тул оцон шувууд хүйтнээс дайжихын тулд нисч чаддаг болсон хэмээн хачирлажээ.

   Харин сүүлийн үед үзэгчдийг баясгадаг Инээдмийн баярын нэвтрүүлэг гарахаа больсон нь дэлхий даяар хуурамч мэдээ ихсэж, үүний эсрэг тэмцэл нэмэгдсэнтэй холбоотой юм. Их Британийн Кардиффын их сургуулийн сэтгүүл зүйн профессор Стюарт Аллен ВВС телевизэд өгсөн ярилцлагадаа "Бид хуурамч, ташаа мэдээлэлд живсэн эрин зуунд амьдарч байна. Ийм үед хэвлэл мэдээллийн найдвартай байдал хамгаас чухалд тооцогдох болсон. Мэдээнд эргэлзэх хандлага нэмэгдэж байгаа ийм үед 4 дүгээр сарын 1-ний өдрийн хошигнол хэвлэлүүдэд итгэх итгэлийг алдагдуулж болзошгүй" гэжээ.

Гэрэл зургийн эх сурвалж: ВВС агентлаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.