images

Герман: Музейн захирал эмэгтэй 66 насандаа 10 дахь хүүхдээ төрүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-03


   ХБНГУ-ын Берлин хананы музейн (Mauermuseum) захирал эмэгтэй 66 насандаа эсэн мэнд амаржсан байна. Америкийн NBC агентлагийн мэдээлснээр, Александра Хильдэбранд өнгөрсөн сард Берлин хотын "Шаритэ" эмнэлэгт хийсвэр хагалгаагаар 10 дахь хүүхдээ төрүүлсэн бөгөөд 3,5 кг жинтэй хэвийн төрсөн хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж. А.Хильдэбранд 1959 онд Киевт төрсөн, герман аав, украин ээжтэй, зураач мэргэжилтэй бөгөөд "Mauermuseum" музейг түүний нөхөр Райнэр Хильдэбранд 1963 онд байгуулсан юм. Хүний эрхийн төлөө зүтгэлтнийхээ хувиар Германд ихээхэн алдартай А.Хильдэбранд 2022 оноос хойш үндсэн ажлын хажуугаар, дайнд нэрвэгдсэн украинчуудад туслах хүний ​​эрхийн кампанит ажил өрнүүлж байна. Тэрбээр 20 гаруйхан насандаа ээж болоод, дараа нь дахин гэрлэж өнгөрсөн хугацаанд найман хүүхэд төрүүлсний отгон нь энэ юм. Анхны хоёр хүүхдийнх нь аав украин хүн байсан бөгөөд эдүгээ 45 настай Светлана охин нь эмч, 36 настай Архорм хүү нь дипломатч гэнэ. А.Хильдэбранд 1992 онд Киевээс Берлин хотод бүрмөсөн ирж зураачаар ажиллаж байгаад Райнэр Хильдэбрандтай танилцан гэрлэжээ. Гэвч тэдний дундаас хүүхэд төрөөгүй, бас нөхөр нь 2004 онд өөд болсон бөгөөд тэр цагаас хойш А.Хильдэбранд музейнхээ ажилд бүх хүчээ зориулж иржээ. Харин 2013 онд ихэр хүүхэд төрүүлэхдээ 54 настай байсан бөгөөд хүүхдүүдийн эцэг хэн болох нь тодорхойгүй байв. Улмаар 2014 онд охин Александра, 2016 онд хүү Леопольдоо төрүүлсэн хойноо хүүхдүүдийн эцэг хэн болохыг хэлжээ. Тэрбээр Германы Христийн ардчилсан холбоо (CDU) намаас сонгогдсон парламентын гишүүн, хүүхдүүдийн эцэг, 59 настай Даниэль Дорманнтай 2016 оны 12 дугаар сард албан ёсоор гэрлэлтээ батлуулсан байна. Энэ цагаас хойш тэд дахин гурван хүүхэд төрүүлсэн бөгөөд өнгөрсөн сард хамгийн бага нь хоёр настай байхад, өөрөө 66 насандаа ийнхүү 10 дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Тэрбээр амьдралынхаа талаар “Би маш эрүүл хооллодог, өдөр бүр нэг цаг усанд сэлдэг, хоёр цаг гүйдэг, тамхи татдаггүй, архи уудаггүй, жирэмслэлтээс хамгаалах эм ууж байгаагүй. Миний хувьд жирэмслэх гэдэг бол хамгийн сайхан зүйл" гэжээ. Улмаар "Паспортод бичсэн нас бол зүгээр л тоо. Биологийн нас л юу юунаас чухал. Би биологийн насаараа 35-тай хүн" хэмээн хэвлэлд ярихдаа дөнгөж зургаа хоногтой нярай хүүхдээ тэврэн инээмсэглэж суужээ.

А.Хильдебранд 63 насандаа 9 дэх хүүхдээ төрүүлсний дараа гэр бүлийн хамт. 2022 он.

   Эмч нар энэ явдлыг маш ховор тохиолдол гэж үзэж байна. А.Хильдэбрандыг эсэн мэнд амаржуулсан "Шаритэ" эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, профессор Вольфганг Хайнрих "Эхийн нас болон хийсвэр хагалгаа хийлгэсэн тоог бодож үзсэн ч энэ нь маш ховор бөгөөд амаргүй ажил байсан. Харин хатагтай А.Хильдэбранд маш эрүүл чийрэг биетэй, оюун санааны хувьд хүчирхэг эмэгтэй байсан тул хагалгаа амжилттай болж бид хамтдаа нэгэн чухал сорилтыг давлаа” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.