"Squid Game" киноны үйл явдал Америкийн төрийн албанд тохиолдов
Анд нөхдийн мэдээ
2025-04-03
Дональд Трампын шийдвэрээр АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны ажилтнууд бөөнөөрөө ажлаас халагдсан билээ. Тэдний энэ тухайгаа нэг өглөө гэнэт мэдсэн явдлыг Өмнөд Солонгосын "Squid Game" киноны хэсэгтэй зүйрлэжээ. Өглөө ажилдаа ирсэн хүмүүс яамны байрны өмнө урт дараалалд зогсож, халагдсан эсэхээ үнэмлэхээ уншуулж мэдэхийн тулд хэдэн цагаар дугаарлан зогссон байна. Орох хаалган дээр нэвтрэх үнэмлэхээ уншуулахад ногоон гэрэл асвал ажилдаа үлдсэн, улаан гэрэл асвал ажлаасаа халагдсан гэсэн үг байв. Вашингтоны WTOP телевиз мэдээлэхдээ “Инээдмийн баярын өдрөөр өрнөсөн энэ үйл явдал бол хошигнол биш. Энд таны нэвтрэх үнэмлэхийг уншихгүй бол та ажилгүй болсон гэсэн үг” хэмээн мэдээлсэн байна. "Squid Game" цуврал киноны хамгийн алдартай "The Rose of Sharon Has Blossomed" тоглоомыг Америкт "Улаан гэрэл, ногоон гэрэл" гэж нэрлэдэг бөгөөд энэ үйл явдал амьдрал дээр бодитоор тохиолдоод байгаа тухай тэндхийн ажилчид ярьж байна. Нэгэн ажилтан "Энэ бол доромжлол. Ажлаас халагдсанаа мэдээд дотогш орж хувийн эд зүйлээ авах гэтэл заавал хэн нэгнээр харгалзуулж явах шаардлагатай болсон” гэжээ. Өөр нэг ажилтан “Энэ улсын төлөө зүтгэж буй минь нэр төрийн хэрэг гэж боддог байлаа. Гэтэл ийм амархан халагдаж байгаа нь сэтгэл өвтгөж байна" гэв. Д.Трампын засаг захиргаа холбооны засгийн газрын үйл ажиллагааг оновчтой болгох, зардлыг бууруулахын тулд Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам болон түүний харьяа Хүнс, эмийн удирдах газар (FDA), Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвүүдэд (CDC) өргөн хүрээний цомхотгол эхлүүлээд байгаа юм. Тус яам 82 мянган ажилтантай бөгөөд цомхотголоор 10 мянган хүн халагдсан бол мөн 10 мянга шахам хүн ажлаасаа сайн дураар гарч байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.