images

Гиннесийн амжилтын эзэн монгол охидын түүх “National Geographic”-ийн сургалтын хөтөлбөрт орлоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-04-03


   Ой тогтоолтын амжилтаараа Гиннесийн амжилтын эзэн болсон Монголын ихэр охид Н.Энхшүр, Н.Мөнхшүр нарын түүх "National Geographic", TED байгууллагын “National Geographic Learning” англи хэлний хөтөлбөрийн дасгалын номд оржээ. Энэ талаар Н.Мөнхшүр цахим хаягтаа хуваалцаж, уг номын хоёр хувийг тус байгууллагаас хүлээн авснаа мэдээлэв. Дэлхийн 133 оронд 90 сая гаруй сурагчтай, бүх насны, бүх түвшний англи хэлтэй хүмүүст зориулсан дээрх хөтөлбөр нь "National Geographic" сэтгүүлийн судлаачдын гэрэл зураг, бичлэг, тэдний илрүүлсэн түүх, TED-ийн илтгэгчдийн намтраар дамжуулан англи хэлний хичээл заадаг. Тиймээс ой тогтоолтын спортоор амжилт гаргасан монгол охидын түүхийг сонсох дасгалдаа оруулсан байна. Олон улсын ой тогтоолтын холбооноос гаргасан дэлхийн чансааны үзүүлэлтээр 1686 тамирчнаас Н.Энхшүр 30, Н.Мөнхшүр 122 дугаарт эрэмбэтэй байгаа юм. Н.Мөнхшүр 2017 оны Азийн нээлттэй тэмцээнд 30 минутад хоёр оронтой 6270 тоо цээжилж дэлхийн дээд амжилт эвдсэн бол 2019 оны Монголын УАШТ-д орохдоо таван минутад 1467 хоёр оронтой тоо, 15 минутад 1300 тоо цээжилж дэлхийн дээд амжилт тогтоож байв. Тэрбээр 2017, 2021 оны ДАШТ-ий аварга бөгөөд 2017 онд Н.Энхшүр дэд байр эзэлж, дэлхийд хамтдаа тэргүүлсэн түүхтэй. 2017 оны ой тогтоолтын ДАШТ-д Н.Энхшүр 30 минутад хоёр оронтой 5445 тоо, Н.Мөнхшүр 37 бүтэн хөзөр цээжилж Гиннесийн дээд амжилтыг хамтдаа тогтоосон билээ. Сонирхуулахад, манай тамирчид Хятадын хамгийн олон үзэгчтэй “Super Brain” нэвтрүүлэгт 2023 онд оролцон түрүүлсэн юм. Тэд өнгөрсөн онд Бээжингийн их сургуулийг төгсчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.