Хамгийн олон мина илрүүлсэн харх Гиннесийн номд бичигдэв
Анд нөхдийн мэдээ
2025-04-07
Газарт булсан байлдааны минаас болж дэлхийн улс орнууд дундаас хамгийн их хохирол амссан нь болох Камбож улсад нэгэн харх олон тэсрэх бодис илрүүлж Гиннесийн дээд амжилт тогтоожээ. Их Британийн “The Independent” сонины мэдээлснээр, таван настай Ронин хэмээх Африкийн уутат харх сүүлийн гурван жилийн хугацаанд 109 мина, 15 тэсрэх бөмбөг илрүүлсэн байна. Ронин таван жилийн хугацаанд 71 мина, 38 бөмбөг илрүүлж 2021 онд Гиннесийн амжилтын номонд орсон Магава хэмээх хархны дээд амжилтыг эвдсэн нь энэ юм. Ронин хархыг 2021 оны наймдугаар сараас хойш Камбожийн хойд хэсэгт орших Преах Вихеар мужид мина илрүүлэх зорилгоор нутагшуулжээ. Үнэрлэх чадвар нь маш сайн хөгжсөн уг хархыг Бельгийн “Apopo” төрийн бус байгууллага тэсрэх бодис илрүүлэхэд сургаж, шаардлагатай газарт нутагшуулдаг ажээ. Одоогоор 104 харх сургаад буй тус байгууллагын мэдээлснээр, хархнууд теннисний талбайн хэмжээтэй газрыг 30 минутын дотор бүрэн аюулгүй болгож чаддаг аж. Ийм хэмжээтэй талбайд металл илрүүлэгчээр хайлт хийхэд 3-4 хоног шаардагддаг байнах. Иймээс хархыг ашиглах нь хамгийн шуурхай сайн арга гэнэ. "Тэсрэг бөмбөгт өртөх вий гэсэн байнгын айдас дунд амьдардаг хүмүүст Ронин маш том буян үйлдэж байна” гэж тус байгууллага онцолжээ. Ронин 68 см урт, 1.175 кг жинтэй, авокадо жимс идэх дуртай, уйгагүй ажилсаг хэрнээ маш эелдэг зантай гэж эзэд нь тодорхойлсон байна. Камбож улс нь 1998 он хүртэл 30 орчим жил үргэлжилсэн иргэний дайны үеэр булсан мина, дэлбэрээгүй тэсрэх бөмбөгийн улмаас дэлхийн хамгийн аюултай газрын тоонд ордог юм. Тус улсад 1000 гаруй км/кв газар одоо хүртэл аюултай бүсэд тооцогдож байгаа бөгөөд дайн дууссанаас хойш ч мина, бөмбөгөнд өртөн амь насаа алдсан хүний тоо хэдэн арван мянгад хүрчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.