Францын улс төрч эмэгтэй өөрийгөө Мартин Лютер Кингтэй зүйрлэв
Анд нөхдийн мэдээ
2025-04-07
Мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдоод шүүхээс ял сонсоод буй Францын хэт барууны үзэлт "Үндэсний фронт" (RN) намын удирдагчдын нэг Марин Лө Пэн өөрийгөө Америкийн иргэний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингтэй зүйрлэж "Улс төрийн үзэл баримтлалыг минь няцаах оролдлогод бууж өгөхгүй" гэж мэдэгдэв. Тэрбээр 2027 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд хууль эрх зүйн бүхий л бололцоог ашиглана гэдгээ мэдэгдээд “Бид хүчирхийлэл, ардчиллын эсрэг үйлдэлд хэзээ ч бууж өгөхгүй” гэсэн байна. Мартин Лютер Кинг бол 1950-1960-аад оны үеийн АНУ-ын нийгмийн зүтгэлтэн, хүчирхийллийн эсрэг иргэний эрхийн хөдөлгөөний удирдагч байсан бөгөөд 1964 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн ч дөрвөн жилийн дараа цагаан арьстны гарт алагдсан билээ. Харин Лө Пэн нь "Үндэсний фронт" намыг 1972 онд байгуулсан улс төрч Жан-Мари Лө Пэний охин юм. Түүнийг Европын холбооноос олгосон хөрөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган өнгөрсөн сарын 31-нд шүүхээс дөрвөн жилийн хорих ял, 100 мянган еврогийн торгууль ногдуулсан юм. Харин Лө Пен үүнийг ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүйн тулд гаргасан улс төрийн шийдвэр хэмээн үзэж Францын шүүх засаглалыг шүүмжилжээ. Улмаар RN нам Парис хотод томоохон жагсаал зохион байгуулж, шүүхийн шийдвэрийг буруушааж байна. Лө Пэний энэ үйлдлийг Европын хэт барууны үзэлтнүүд төдийгүй Д.Трампын засаг захиргаа ч дэмжиж байгаа аж. Ерөнхийлөгч Д.Трамп цахим хуудсандаа өчигдөр бичихдээ "Марин Лө Пэний эсрэг хийсэн шулмын ан үг хэлэх эрх чөлөөг хааж, улс төрийн өрсөлдөгчдийнхөө амыг хамхихын тулд хуулийг ашиглаж байгаагийн нэг жишээ” гэжээ. Лө Пэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.