XIV Далай лам Зопа ринбүчийн хувилгаан дүр мэндэлснийг зарлалаа
Чихэнд чимэгтэй
2025-04-08
2023 оны дөрөвдүгээр сард таалал төгссөн Бурханы шашны гэлүгвэ ёсны их багш Зопа ринбүчийн хувилгаан дүр мэндэлснийг Дээрхийн гэгээн XIV Далай лам өнөөдөр зарлалаа. Энэтхэгт төвтэй Их хөлгөний уламжлалыг хадгалах төвөөс (FPMT) мэдээлснийг үзвэл, хувилгаан дүр Балбын нутагт төрсөн нь баттай болсон тухай Далай лам мэдэгдсэн бөгөөд уг дүрийг хайн олох багийг зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон байна. Дашрамд дурдахад, эрлийн багийн ахлагч нь 1962 онд төрсөн гэвш Түвдэнчойнид бөгөөд тэрбээр өмнөх дүрийн Зопа ринбүчийтэй багш шавийн нягт холбоотой байжээ.
Балбын зүүн хойд нутгийн Гүмбү хэмээх газрын Танмэ хэмээх тосгонд 1946 онд төрсөн Зопа хувилгаан 10 настайдаа Төвдөд очиж ном үзсэн бөгөөд 1959 онд хятадууд Төвдийг эзлэхэд Бутан, улмаар Энэтхэгт хүрч суужээ. Тэрбээр 1975 онд Их хөлгөний уламжлалыг хадгалах төвийг байгуулсан нь өнөөдөр АНУ-д төвтэй, дэлхийн 37 оронд 160 салбартай, Бурханы шашныг дэлхий дахинд түгээхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг олон улсын байгууллага болон өргөжсөн байна. Зопа ринбүчи 1999 онд Монголд айлчилж Их хөлгөний төвийнхөө салбарыг байгуулснаас эхлээд Гандантэгчинлин хийдийн Гунгаачойлин дацанг шинээр барих, дарь эх нарын Дулмаалин хийдийн барилгыг барих, дээдийн ном айлдах эрдэмтэй лам нарыг Монголд урин ирүүлэх, олон улсын хурал чуулган зохион байгуулах, өөрийн биеэр ном айлдах, төрөл бүрийн сургалт явуулах гэх зэргээр Бурханы шашныг Монгол улсад түгээн дэлгэрүүлэх үйлсэд олон жил идэвхийлэн зүтгэсэн юм. Түүний байгуулсан шашны төв буюу Гандан До Аг Шаддүвлинд XIV Далай лам 2006 онд Монголд айлчлахдаа морилж байв. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Зопа ринбүчийд төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртээж байжээ. Тэрбээр 2023 оны дөрөвдүгээр сарын 13-нд Балбын нийслэл Катманду хотын эмнэлэгт жанч халсан юм.
Гэрэл зургийн эх сурвалж: www.fpmt.org
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.