СӨХ-ийн төлбөрөө удаавал Монгол банкны хар жагсаалтад орох уу?
Чихэнд чимэгтэй
2025-04-08
УИХ-ын гишүүн О.Номинчимэг өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нөөс "Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай" хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа билээ. Тэрбээр хуулийг шинэчлэн найруулахдаа хамгийн сүүлд төлбөртэй холбоотой хэд хэдэн зохицуулалтыг нэмж тусгаснаа цахим хуудсаараа өчигдөр мэдээлсэн бөгөөд "Нэг талд СӨХ-ийн төлбөрөө оршин суугчид төлдөггүй. Нөгөө талд төлсөн төлбөрийнх нь зарцуулалт тодорхой биш гэсэн гомдол, шүүмжлэл тасардаггүй учир төлбөртэй холбоотой асуудлыг тусгалаа" гэжээ. Хуулийн төслийг бүрэн эхээр нь d.parliament.mn сайтад байршуулж олон нийтээс санал авч байгаа бөгөөд УИХ-ын хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн байна.
Хуульд өөрчлөлт орвол Сууц өмчлөгчдийн холбооны хувьд санхүүгийн болон үйл ажиллагааны зардлаа улирал бүр оршин суугчдадаа тайлагнаж, хоёр жил тутам аудитын шалгалтад ордог болох юм. Харин оршин суугч төлбөрөө төлөхгүй бол алданги тооцуулах, Төв банкны Зээлийн мэдээллийн санд бүртгэгдэх ажээ. Тухайлбал, гурваас дээш сар төлөлгүй хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар алданги тооцох, зургаан сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэгдэнэ. Мөн байр орон сууцаа бусдад зарж борлуулах бол өр төлбөрийн үлдэгдэл байгаа эсэх талаар Сууц өмчлөгчдийн холбооноос тодорхойлолт гаргуулдаг байхаар төсөлд тусгажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.