images

G-Dragon-ы дуу сансарт

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-04-11


   Өмнөд Солонгосын “BigBang” хамтлагийн дуучин G-Dragon Солонгосын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн (KAIST)-д зочин профессороор өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн ажиллаж байгаа билээ. Улмаар тус хүрээлэнгийн шинэ технологийг урлаг, соёлын агуулгад ашиглаж хамтарсан судалгаа хийхээр болсон нь саяхан биеллээ олов. Тус хүрээлэнгийн ажлыг сурталчлах элчийн үүргийг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэх G-Dragon-ы уран бүтээлийг дэлхийгээс сансарт дуу дамжуулах хамтарсан төсөлд ашигласан бөгөөд тэр төсөл хэдийнэ амжилттай болсныг өчигдөр мэдээллээ. Шинжлэх ухаан, технологи, поп хөгжмийг хослуулсан энэ төсөл нь шинжлэх ухааны хүрээлэн, хиймэл оюун ухааны метаверс хөгжүүлэгч “Galaxy” корпорацын хамтран хэрэгжүүлж буй “AI Entech” төслийн нэг хэсэг гэнэ. Эрдэмтэд G-Dragon-ы 2024 оны 11 дүгээр сард шинээр гаргасан “Home Sweet Home” дууг түүний нүдний солонгон бүрхүүлийн зурагт суурилан хиймэл оюун ухаанаар бүтээсэн “Iris” медиа бүтээлийн хамт сансар руу дамжуулжээ. Ингэхдээ шинжлэх ухааны хүрээлэнгийнхний бүтээсэн шинэ үеийн жижиг хиймэл дагуулын антенаар дууг дамжуулсан бөгөөд проекцын зураглалаар буюу проектор ашиглан 13 м урт сансрын антен дээр “Iris” бичлэгийг үзүүлсэн байна. Энэ талаар “Galaxy” корпорацын захирал Чой Ёнхо “G-Dragon-ы дуу хоолой, хөгжим хэдийнэ сансар дахь аяллаа эхлүүлсэн” гэжээ. Улмаар тэр “Энэ төсөл бол хүний бүтээсэн өв болох хөгжмийг хадгалахад чухлаас гадна гараг ертөнцтэй харилцах оролдлого юм” хэмээсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.