Хойд Солонгосын Пэгдүсан уулыг ЮНЕСКО-гийн сүлжээнд бүртгэв
Анд нөхдийн мэдээ
2025-04-11
Хятад, Хойд Солонгосын нутгийг дамнан орших Пэгдүсан уулын Хойд Солонгост хамаарах хэсгийг ЮНЕСКО-гийн Дэлхийн геопаркийн сүлжээнд бүртгэжээ. Өнгөрсөн жил тус уулын Хятадын нутагт харьяалагдах хэсгийг тус сүлжээнд бүртгэсэн бол одоо Пэгдүсан уул бүхэлдээ дэлхийн геопарк болж байна. Дэлхийн геопаркаар бүртгэх нь геологийн хувьд үнэ цэнтэй газар нутгийг хадгалах, унаган төрхөөр нь хамгаалах зорилготой юм. Хойд Солонгос улс 2019 онд Пэгдүсан уулыг уг сүлжээнд бүртгүүлэх хүсэлт гаргасан боловч COVID-19 цар тахлын улмаас хойшлогдсон билээ. Энэ удаад ЮНЕСКО-гийн Дэлхийн геопаркийн удирдах зөвлөлөөс уг уулыг "Галт уулын дэлбэрэлтээр бий болсон өвөрмөц онцлог бүхий ландшафттай" хэмээн үнэлжээ. Улмаар МЭ 1000 онд Пэгдүсан ууланд мянган жилд нэг удаа тохиох галт уулын дэлбэрэлт болсныг дурдаад ирээдүйд дахин дэлбэрч болзошгүй гэдгийг онцолсон байна. Энэ уулыг 1989 онд ЮНЕСКО-гоос Дэлхийн шим мандлын дархан цаазат газраар бүртгэж байжээ. Цаашид дөрвөн жил тутамд хянаж, дахин үнэлгээ хийх ёстой бөгөөд шалгуур үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд сүлжээний бүртгэлээс хасдаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.