images

Ёоко Оно: “Битлз”-ийн тарсанд би буруугүй

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-14


   Их Британийн “Битлз” хамтлагийн гишүүн Жон Ленноны эхнэр, эдүгээ 92 настай Ёоко Оно залуу насандаа тус хамтлагийг тараасан хэрэгт буруутгагдан, хамтлагийн шүтэн бишрэгчдийн хүчирхийлэлд хүртэл өртөж байсан тухайгаа ярьжээ. Өнгөрсөн 12-ны өдөр АНУ-д нээлтээ хийсэн “One to one: John & Yoko” баримтат кинонд тэрбээр 1960-аад оны сүүлээр "Битлз"-ийн гишүүдийн хооронд хагарал үүсч байх үед Жон Леннонтой дотносож, улмаар алдартай хамтлагийг тараасан гол буруутан гэгдэж байсан тухайгаа дурссан байна. "Намайг жирэмсэн байхад хүртэл үзэн яддаг байсан. Ж.Леннонтой гудамжинд явж байхад хүмүүс намайг "Адгийн муу япон" хэмээн зүхэж, үснээс минь зулгааж, толгой руу минь цохиж байсан тохиолдол ч бий” хэмээн тэрбээр яриад, энэ хугацаанд гурван удаа зулбаснаа өчжээ. Кинонд Ж.Леннон, Ё.Оно хоёрын утсаар ярьсан яриа, 1972 оны хандивын тоглолтын шинэчилсэн бичлэгүүд, Их Британийн Кэмбрижийн их сургуульд болсон Олон улсын феминистүүдийн анхдугаар бага хуралд Оногийн хэлсэн үг багтсан байна. "Би уран бүтээлчийн хувьд харьцангуй эрх чөлөөтэй, хүйсээр ялгаварладаггүй орноос ирсэн хүн. Харин Ж.Леннонтой учирсны дараа асар их бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болсон. Жонтой нийлснээс хойш би энэ хорвоогийн хамгийн муу эмэгтэй болж, нийгэм бүхэлдээ над руу дайрч эхэлсэн” гэж тэрбээр кинонд ярьжээ. Ё.Оно өмнө нь 2010 онд CNN-д өгсөн ярилцлагадаа "Битлз"-ийг тараасанд би хариуцлага хүлээхгүй" хэмээн мэдэгдэж байсан юм. Тэдний хайр сэтгэл бүхнээс онцгой байсан тул бүхнийг тэвчиж өнгөрөөсөн тухайгаа тэрбээр мөн дурсан ярьсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.