images

Европын охидын математикийн олимпиадад Монголын дөрвөн сурагч өрсөлдөнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-14


   Европын охидын математикийн 14 дэх удаагийн олимпиад Косово улсын Приштина хотноо энэ сарын 12-ны өдөр нээлтээ хийлээ. Олимпиадад манай улсаас Нийслэлийн "Эрдмийн хишиг" сургуулийн сурагч Н.Болор, "Орчлон" сургуулийн сурагч А.Мишээл, 11 дүгээр сургуулийн сурагч А.Ану, Өвөрхангай аймгийн "Хархорин" гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн сурагч Б.Оюунбилэг нар оролцож байна. Сурагчдыг хоёр шатны сорилын нийлбэр дүнгээр тодруулсан бөгөөд I шатны сорилыг өнгөрсөн нэгдүгээр сард 62 сурагчийн дунд явуулж, улмаар хоёрдугаар сарын 8-9-ний өдрүүдэд II шатны сорилыг зохион байгуулсан юм. Тус олимпиад 13 дахь удаагаа өнгөрсөн онд Гүрж улсын Цхалтубо хотод болоход Орхон аймгийн "Эрдмийн сан" сургуулийн сурагч Э.Энхжин, Нийслэлийн "Шинэ-Үе" сургуулийн сурагч М.Амин-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн бол Нийслэлийн I сургуулийн сурагч Г.Дөлгөөн мөнгөн медаль хүртэж байв. Мөн монгол хүүхдүүд багаараа 69 оноо авч 23 дугаар байранд жагссан билээ. Английн Кэмбрижэд анх 2012 онд болсон энэ олимпиадын түүхэнд монголчууд хоёр мөнгө, есөн хүрэл медаль авснаар медальтай 62 орноос 43-т жагсаж байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.