images

АНУ: Хорь гаруйхан насны бүсгүй дэлхийн том банкийг залилжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-14


   Дэлхийд хамгийн томд тооцогдох хөрөнгө оруулалтын “JP Morgan Chase” банкийг 20 гаруйхан насны бүсгүй залилсан талаар “Wall Street Journal” сонин мэдээллээ. Нью-Йорк хотын Холбооны шүүх тус банкийг 175 сая доллараар хохироосон хэргээр шалгагдаж байсан Чарли Жарвисыг буруутай гэж үзсэнийг сонин мөн мэдээлсэн байна. Гарааны компани үүсгэн байгуулагч гэх Ч.Жавис хэдэн жилийн өмнө маш ирээдүйтэй бизнесмэн гэгдэн телевизийн нэвтрүүлгээр гарч байсан төдийгүй 2019 онд “Forbes” сэтгүүлийн "30-аас доош насны залуу лидер"-ээр шалгарч байв. Тэрбээр Нью-Йорк хотод төрж өссөн, Франц-Америкийн хамтарсан хувийн сургуулийг дүүргэж, Пенсильванийн их сургуульд санхүүгийн чиглэлээр суралцаж төгссөн байна. Оюутан байхдаа хөгжиж буй орнуудын иргэдэд бичил зээл олгодог “PowerUP” нэртэй ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, сургуулиа төгсөөд 2017 онд “Frank” нэртэй гарааны компани байгуулж, их сургуулийн оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Түүнийг ийнхүү амжилттай ажиллаж олны танил болохын хэрээр томоохон компаниуд “Frank”-ийг сонирхож эхэлсэн байна. Түүнд “Capital One”, “Discover", "Citizens Bank” зэрэг санхүүгийн аваргууд санал тавьж байсан бөгөөд эцэст нь “JPMorgan” банк "Frank” компанийг 175 сая доллароор худалдаж авчээ. Гэвч банкинд Ч.Жависын өгсөн мэдээлэл худал байсан нь удалгүй илэрчээ. Тухайн үед Ч.Жавис компаниа 4,25 сая үйлчлүүлэгчтэй гэж мэдэгдсэн ч энэ тоо үнэн хэрэгтээ 400 мянга байсан аж. Шүүх түүнийг удаа дараа худал мэдээлэл өгч, бусдыг санаатайгаар хууран мэхэлсэн гэж үзжээ. “JP Morgan” түүний өгсөн мэдээллийг нягталж үзэлгүй худалдаж авсан бөгөөд хууртсанаа авсан хойноо мэдэж 2023 оны дөрөвдүгээр сард шүүхэд хандсан аж. Бизнесийн туршлагагүй залуухан эмэгтэй санхүүгийн олон жилийн туршлагатай ийм том банкинд хэрхэн яаж итгэл төрүүлж чадсан нь оньсого хэвээр байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.