images

Д.Энхболд: “Мастер, Маргарита хоёр” бол ганцаардлын сонгодог жишээ

Б.Бадамзул

Миний дуртай ном

2025-04-14


Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Доржзовдын Энхболд манай сайтын “Миний дуртай ном” буланд зочноор уригдаж ийн ярилаа.

   Дуртай хоёр, гурван ном надад бий. Гэхдээ яг онцгойлж хэлбэл “Мастер, Маргарита хоёр” юм даа. Миний ширээн дээр олон жил байгаа ном. Анх 1990-ээд оны сүүлээр П.Батаа гуайн орчуулгаар уншсан юм. Тэрнээс нэг их удалгүй Ц.Гомбосүрэнгийн орчуулгаар гарсныг нь авч уншсан. Манай Ц.Гомбосүрэн гуай маш сайхан монгол хэлтэй болохоор орчуулга нь надад их таалагдсан. Тиймдээ ч одоо хүртэл миний ширээн дээр анхны тэр хэвлэлээрээ байж байдаг.

Сураг дуулснаас хойш долоон жилийн дараа

   Би чинь геологич хүн шүү дээ. Чойрт хайгуул хийж байсан. Хойно төгсөж ирсэн манай нэг геологийн инженер байлаа. Ном маш их уншдаг хүн. Орой болохоор бид хэд янз бүрийн юм ярина. Мань эр бол дандаа уран зохиол ярьдаг. Тэгэхдээ М.Булгаковыг их ярьдаг байлаа. Социализмын үе шүү дээ, 1980-аад оны эхэн. Тийм байхад тэр залуу надад анх ““Мастер, Маргарита хоёр” гэж агуу зохиол байдаг” гэж хэлсэн юм. Би бол тийм зохиол байдгийг огт мэдэхгүй. Тэгээд мань эрийг тийм юм ярихаар “Чи ийм эсэргүү юмыг яаж олж үздэг юм?” гээд асуулаа. Тэгсэн “Ийм хүрээнийхэн гэж байдаг юм” гэнэ. Тэр нөхөр маань хойно сурч байхдаа жүжигчин болох гээд чаддаггүй нэг орос найзтай байж л дээ. ВГИК-ийн оюутны байранд хэдэн жил ч байсан юм, зайлуул. Мань хүн бол өөрөө Москвагийн их сургуулийн геологийн ангийн оюутан. Тэгээд шар айраг ууж яваад танилцсан юм байх. Тэгээд өнөө залуу нь “Чи энийг унш. Хориотой ном шүү, нууцаар уншаарай” гээд “Мастер, Маргарита хоёр”-ыг өгсөн юм байна. Тэгээд мань эр нууцаар хэд хэд уншжээ. Тэрийгээ надад ярихгүй юу. Би ч анхандаа “Тийм нийгэмд ийм юм хийдэг ямар тэнэг нөхөр вэ, Р.Чойном шиг нөхөр байж дээ” гэж бодож байгаа юм. Залуу ч байж. Тэгээд надад ямар ч байсан М.Булгаков гэдэг нэр үлдсэн юм. Сүүлд 1991 онд “Соёо”-гоо хэвлүүлчхээд давхиж явтал өнөө нөхөртэйгөө таарав. Тэгээд номоо өгмөөр санагдлаа. Тэр үед гар дээр ном байдаггүй, манууст шагнал гээд хэдэн төгрөг өгчихдөг байсан. Дэлгүүрт бол байгаа. Мөнгөөрөө өөрийнхөө номыг худалдаж аваад найздаа гарын үсэг зураад өглөө. Мань эр унших дуртай юм чинь, уншчихаж. Тэгээд утсаар ярьж байна. “Чи нөгөө М.Булгаковыг санаж байна уу?” гэнэ. “Санаж байна аа” гэсэн чинь “Чи ерөөсөө тэрийг нэг олж үз. Уншчихвал чамд маш их юм өгнө шүү” гэх юм. Тэгээд л би мань эрийн хэлж байгаа ер нь зөв юм байна даа гэж бодсон. Тэр явдлаас долоон жилийн дараа 1998 онд энэ ном Монголд анх гарсан даа.

“Хонх”-ын Цогтсайханд хэлсэн хоёр үг

   Би Библитэй 22 настайдаа танилцсан хүн. Анх Иерусалимд монгол хэлээр хэвлэсэн “Шинэ гэрээ” Монголд 1980-аад онд хорин хэдэн ширхэг орж ирсэн юм билээ. Тэрийг НАХЯ энд тэндээс хурааж авсаар тавыг нь ер олоогүй юм байж. Тэр тавын нэгийг Бавуугийн Лхагвасүрэн гуай надад “Чи энийг яг энэ өрөөнд сууж байгаад унш” гээд өгсөн юм. Тэгээд Б.Лхагвасүрэн гуайн ажлын өрөөнд уншлаа. Өрөөний эзэн байхуу чанаж өгөөд, гаднаас түгжчихээд яваад өгнө. Би ч чанаж өгснийг уугаад л уншаад суучихна. Эхлээд нэг уншлаа. Юу ч ойлгодоггүй. Б.Лхагвасүрэн гуай “За яав?” гэхээр нь “Мэдэхгүй, ерөөсөө ойлгосонгүй” гэлээ. Тэгтэл “За чи тэгвэл дараа нь бүр хоноод унш” гэсэн. Би ч хонож уншлаа. Жижигхэн ном шүү дээ. Тэгсэн чинь зарим нэг юм нь ойлгогдох гээд ч байх шиг. Ингээд бүр арваад удаа уншсаны дараа ерөөсөө Библи гэдэг чинь ийм ийм домог байдаг юм байна, гэхдээ энэ домог бол хүнийг өөрөөр нь хүмүүжүүлэх сургаал юм байна гэж ойлголоо. Тэгээд Библи уншсан хүн чинь “Мастер, Маргарита хоёр”-ыг уншихад бүх юм танил байгаа юм. Энэ зохиолоос надад шинэлэг санагдсан юм нь юу байсан гэхээр, нийгмийг задалбал дараа нь буцаагаад эмхэрдээд оёх гэхээр оёж болдоггүй юм аа гэдэг санаа нь байсан. Энэ санаа Библи уншсан хүнд бол тод харагдана.

   Тэр үе бол бидний хэдэн нөхдийн дунд маргаан гарчихсан байсан цаг юм. Нэг хэсэг нь буюу “Хонх”-ын С.Цогтсайхан эд нар бол “Хуучин нийгмийг юу ч үгүй нураагаад шинийг барих ёстой” гэж байв. Мань мэтэс нь болохоор “Тэр хэрэггүй, энэ суурийг нь байхгүй болгочихвол дараа нь юу байгуулахаа мэдэхгүй баларна” гэхгүй юу. Тэгээд “Нам нь байж байг, Улс төрийн товчоо нь өөрчлөгдвөл өөрчлөгддөг юм байгаа биз” гэж маргаж байлаа. Яг ингэж маргаж байсан үедээ би “Мастер, Маргарита хоёр”-ыг П.Батаа гуайн орчуулгаар уншсан юм. Уншиж дуусчхаад бодол өөрчлөгдлөө. “Ерөөсөө нураах нь зөв юм байна” гэж. Тэгээд С.Цогтсайханд очоод “Чиний зөв юм байна. Би сая ойлголоо” гэж хэлж билээ. Юм ингээд бас дуусахгүй ээ. Хэдэн жилийн дараа АНУ явж нэг хэсэг байгаад буцаж ирэв. Ирээд их гайхлаа. Хүний харилцаа гэдэг юм манайд байхгүй болжээ. 2000-аад онд бол бүр тод мэдэгдэж байсан юм шүү. Ялангуяа либерализм нь 200 жил болсон улсаас ирж байгаа хүнд илэрхий мэдэгддэг юм байна. Харилцаа байхгүй, хаашаа явахаа, юу хийхээ мэдэхгүй нийгэм намайг угтаж байлаа. Тэгээд бодов. “Би С.Цогтсайханд тэгж хэлж байхдаа тэнэг байж дээ, нийгмийг чинь огт нурааж болдоггүй юм байна” гэж. Тэгээд өнөө номоо Ц.Гомбосүрэн гуайн орчуулгаар уншиж үзчихээд “Болохгүй нийгмийг нураах нь зөв юм байна” гээд дахиад бодлоо. Гэхдээ бүр гүнзгий ойлгож авсан. Яагаад гэвэл ямар ч нийгмийг чөтгөрүүд л нураадаг. Энийг бол М.Булгаков гуай зуун жилийн өмнө ойлгочихсон байна. Хаант нийгмийг Оросын пролетари нэртэй В.Лениний толгойлсон большевикууд нураачихсан. Тэгэхээр энэ большевикуудыг эднээс ч дор чөтгөрүүд нураах юм байна. Манай социализмыг тэр үед байснаас ч дор новшнууд нурааж байгаа байхгүй юу. Тэгж нураасныг нь 1990-ээд онд шавар шалбааг дундуур нь явж шувт туулаад одоо 2025 онд арайхийж энэ шавраас хөлөө сугалж авч чадах уу, үгүй юү гэдэг дээрээ тулчихаад явж байна. Энийг л М.Булгаков зуун жилийн өмнө мэдэж байсан гэхээр агуу юм. “Мастер, Маргарита хоёр” бол маш сургамжтай зохиол. Уншаад ойлгохгүй байж болно. Зүгээр л унших хэрэгтэй. Уншаад энэ яагаад ингэж байна, яагаад Никанор Ивановичийн салхивч руу юм шургуулахын оронд очиж хэлээд ойлгуулчихаж болоогүй юм, яагаад МАССОЛИТ-ын гоё рестораныг шатаахгүйгээр шийдэж болсонгүй вэ гэж бодоод эхэлбэл бид өнөөдөр хаана явна вэ, юу хийх гээд байна вэ гэдгээ зах зухаас нь ойлгож эхэлнэ. Энэ бол нийгмээ таних цагаан толгой, сурах бичиг байхгүй юу. Унших тусам санаа бодол улам цаашаа гүнзгийрээд байна. Нэг газар очоод зогсоно гэж байхгүй. Эхлээд уншихад зогсчих шиг болно. “Аа, ийм юм байна” гээд орхичихож болно. Харин хойно нь дахиад нэг уншмаар санагдвал дахиад унших хэрэгтэй. Нөгөө ойлгохгүй байсан Библиэ арав уншсан гэдэг чинь тэр шүү дээ. Эхлээд юу ч ойлгогдохгүй, гэхдээ л сонирхолтой. Тэгээд дахиад унш, ахиад унш. Цааш нь уншсаар байгаад эцэст нь нийгмийг ямар нэг хэмжээгээр эмчлэх барих нь өнгөрч гэхэд, таньж эхэлбэл одоо та М.Булгаковыг ойлгож эхэлж байна гэсэн үг.

 Д.Энхболд оюутны дадлага дээр. 1978 он. "Мастер, Маргарита хоёр" гэж агуу зохиол байдаг тухай удахгүй дуулна

Ганцаардал

   Энэ номд дурласан миний шалтгаан бол ерөөсөө ганцаардал. Аливаа уран бүтээл ганцаардлын үр байдаг. Уран бүтээлч хүн ерөөсөө их ганцаардаж явдаг юм. Яагаад вэ гэхээр тэр хүнд нийгэмтэй таарах ч юм байна, таарахгүй ч юм байна. Ер таарахгүй нь дийлэнх байдаг юм. Тиймээс уран бүтээлчид аль ч үед нийгэмтэйгээ зөрчилддөг. Би эхэндээ хуучин социалист нийгмийн үед л тийм байдаг юм байна гэж боддог байлаа. Коммунист үзэл сурталтай таарахгүй учраас уран бүтээлч хүн их ганцаарддаг юм байна гэж боддог байсан. Одоо бид капитализмд ороод гучин хэдэн жил боллоо. Би өөрөө сонгодог капиталист АНУ-д арав гаруй жил амьдрав. Тэнд очоод харахад ялгаа байхгүй уран бүтээлч хүн нийгэмтэйгээ зохицдоггүй юм байна. Нийгмийн аль болохгүй байгаа юм зохиолч, найруулагч, жүжигчин гээд ямар ч уран бүтээлчийн сэтгэхүйд их гүнзгий тусдаг. Тийм учраас уран бүтээл гардаг юм байна. Нийгэмтэйгээ зохицоод ирэхээр сэтгэлгээ байхгүй болчихно. Харин зохицохгүй бол тэр зөрчлийг гаргаад ирдэг. Тэр нь нийгмийнхээ гүнд очоод хөдөлгөх хүч болж байдаг ийм зүй тогтол байдаг юм байна гэж ойлгосон.

   Би дүү нартаа “”Мастер, Маргарита хоёр”, “Зуун жилийн ганцаардал” хоёрыг уншихгүй бол нийгмээ танихгүй. Нийгмээ танихгүй бол чи зөрчилдөж чадахгүй. Зөрчилдөхгүй бол чиний дотор амьд ертөнц үүсэхгүй” гэж байнга хэлдэг юм. Уулзах бүртээ л хэлж явдаг. Ерөөсөө л нийгэмтэйгээ зөрчилдөх бол зохиолчийн байгалийн өгөгдөл. Тиймдээ аль ч нийгэмтэй зохицож чадахгүй ганцаардаж явдаг. Ганцаардал байхгүй бол, санаашрахгүй бол уран бүтээл байхгүй. Ганцаардал гэдгийг хүмүүс их наагуур хүлээж авдаг л даа. Гуниглах, гиюүрч ганихрахыг ганцаардах гэж ойлгодог хүн зөндөө байна. Ганцаардал гэдэг бол сэтгэл доторх тэсрэлтүүдийг хэлээд байгаа юм. Нийгмийн харилцааны соёл болохгүй байна уу, эсвэл амин харилцаа байхгүй болчихов уу, нийгэм өөрөө буруу юман дээр дэнжигнээд байна уу гэдгийг бодож явдаг хүнийг би ганцаардсан хүн гэж ойлгоод байна. Тэрнээс биш хэн нэгэнтэй муудчхаад дүнхийх нь ганцаардал биш, огт өөр юм. Ганцаардлын сонгодог жишээ бол “Мастер, Маргарита хоёр”.

Зоригт зохиолчийн тухай

   Зөвлөлтийн нийгэм, М.Булгаковын амьдарч байсан цаг бол шилжилтийн үе юм. Хаант засгаас шууд коммунизм руу орсон. Тэгээд өмч хураагаад, 1920-иод оноос буюу В.Ленинийг нас барсны дараагаас И.Сталины их бүтээн байгуулалт эхэлсэн. Зөвлөлт маш богино хугацаанд, үндсэндээ хорьхон жилийн дотор хөдөө аж ахуй, газар тариалангийн орноос аж үйлдвэржсэн, дэлхийн зургаа дахь том эдийн засагтай орон болчихсон. Ийм хурд нийгмийг маш их тамирдуулдаг. Огцом хурдлахаараа нийгэм халдаг байна. Сэтгэлгээ, эдийн засаг, хүмүүсийн аж амьдрал аль аль нь халдаг. Энэ халалттай уран бүтээлч таарахгүй байгаа юм. Энэ далимд хэлэхэд сүүлийн 30 жил Хятадад их халлаа. Асар хурдтай явж байна. Энэ их халалт өнөөдрийн Хятадын утга зохиолд алга. Хэлмээр байдаг, гэтэл М.Булгаков шиг зоригтой хэлээд гараад ирж байгаа хүн үгүйлэгдээд байна. Энэ нийгмийн гүнд үйл явдал нь өрнөж, сэтгэлгээний хувьд түрүүлж сэтгэдэг улсууд нь дотроо бодож л байгаа байх. Гэхдээ ганц нэг нь гадагш гарсан л даа. Тэр нь хүч авалгүй дарагдчихаж байгаа юм. Гэтэл М.Булгаковын зохиол бол үлдчихжээ. Мань эрийн олон ном бий л дээ. Хамгийн алдартай нь “Нохойн зүрх”. Нохойг аваачаад хүн болгочихдог. Ерөөсөө л хүний нийгэм чинь нохойн нийгэм юм байна аа л гэсэн санаа. Мундаг мэс заслын эмч нохойг хүн болгоод тавьчихсан чинь нөгөөх нь хүмүүсийн дунд ороод нохойны хөөрхөн аашгүй, аймаар амьтан болчихдог. Гэхдээ мань эрийн оргил зохиол нь “Мастер, Маргарита хоёр”. Энэ бол зөвхөн Зөвлөлтийн гэлтгүй дэлхийн сэтгэгчдийн дунд тэсрэлт болсон зохиол. Америкчууд энийг уншдаг шүү дээ. Гэхдээ бүгд биш, их сургуулийн багш, том бизнесмэн, улс төрийн хүрээнийхэн уншдаг юм. Тийм хүрээнийхний уншдаг хэдхэн ном байдаг. Еврейн сэтгэгчдийн номууд, Ф.Достоевский, Л.Толстой, М.Булгаков, Б.Пастернакийг уншина. Тэгэхээр сэтгэлгээний хувьд мань эр үнэхээр үлдэж чадсан юм байна аа гэдгийг би АНУ-д очоод л мэдсэн юм.

   М.Булгаков бол эмчийн боловсролтой, тэр нь “Нохойн зүрх” дээр ч илэрдэг. Мэс заслын том эмч болно гэсэн зорилго нь тухайн үеийн нийгэмтэйгээ зөрчилдсөн юм билээ. Тэгээд л утга зохиол руу орсон. Яг тэр үеийн Зөвлөлтийн уран бүтээлчид сэтгэлгээний хувьд их ойролцоо. Нийгэмтэйгээ таарч зохицдоггүй. Бид В.Маяковский эд нарыг болдог байсан юм уу, яадаг байсан юм гээд яриад байдаг. Гэвч тэдний хүсэл нийгэмтэйгээ зөрчилддөг байж. Ийм маш олон жишээ байгаа. М.Горький өөрөө олон нийтийг уриалан дуудсан зохиол бичиж байсан мөртлөө нийгэм байгуулагдаад ирсэн чинь дотроо зөрчилдөөд “Бие өвдлөө” гээд Итали руу сувилалд явчихсан. Яг тэр үеийн сэтгэлгээний оргил нь “Мастер, Маргарита хоёр” болж үлдсэн байна. Мэдээж энэ зохиол тэр үедээ хэвлэгдээгүй. Мань эр зохиолоо яаж үлдээснийг мэдэхгүй юм. И.Сталинд нэг хэсэг нэлээн чангалуулаад, мань хүнд захидал бичсэн л гэдэг. Зохиолчдыг чангалаад унахаар нийгэм хачин болно биз. Барууныханд ч бас “ЗХУ болохоо больж” гэдэг яриа гараад ирэхээд И.Сталин хэдэн зохиолчийг гадагш явуулсан юм билээ. С.Есенин, М.Горькийг гэхчлэн явуулсан. Мань М.Булгаков бол тийм биш, бүр зуулгачихсан. Жүжгүүдээ улам хурцлаад бүр буруудсан. Асуудал жаахан нарийсвал Сибирь явахдаа тулсан шиг билээ. Тэгээд л сэтгэл гутарч өнгөрсөн юм байна даа гэж би ойлгох болсон. Ямар ч байсан зохиолоо бичээд үлдээчихсэн байна.

   Мань эрийн жүжгүүд эхэндээ их дэвшилттэй байсан байгаа юм. Тэгэхэд бидний сэтгэлгээнд ийм өөрчлөлт орох ёстой юм байна гээд намынх нь хүмүүс гайгүй дэмждэг байж. Гэтэл сүүлдээ нийгэм аажим хумигдаж эхлэхэд М.Булгаков хамгийн түрүүнд хавчуулагдчихсан. Тэгээд л түүний жүжгүүдийг “Энэ ёстой болохгүй юм байна” гээд хориглоод эхэлжээ. М.Булгаковын жүжгүүд энэ номынх нь дэргэд хамаагүй цагаан юм. Энэ чинь нийгмийг тэр чигээр нь шоолоод хаячихсан шүү дээ. М.Шолоховын “Дөлгөөн Дон” ч ялгаагүй. Маш нарийн уншаад үзвэл, Зөвлөлтийн ухуулгын зохиол юм шиг мөртлөө тариачид яагаад тэсэлгүй босож ирээд иргэний дайн болчихов гэдгийг жинхэнэ амьдрал дотроос нь гаргаад ирсэн зохиол. Тэгэхэд Зөвлөлтөд НЭП гэж бодлого явуулсан. Арай чөлөөтэй байя, хөрөнгөлөг болъё гээд тэр үеийн хүмүүс хэд гурван төгрөгтэй болох гээд зүтгэдэг үе иржээ. Манай Монголд ч ирсэн дээ. “Дөлгөөн Дон” яг тэр үетэй нь таараад хэвлэгдчихсэн. Тэгмэгц Барууныхан уг зохиолыг бичсэн яг тэр сэтгэхүйгээр нь хүлээгээд авчихна биз? Тэгээд Баруунд хэвлэгдээд шуугиан тарьчихангуут дийлэхээ больсон. Зөвлөлтийн нөхдөөс ингэж зохиолоо хэвлүүлсэн Б.Пастернак байна. М.Булгаков бол зөвхөн уран бүтээлч, сэтгэгч, зохиолчдын хүрээнд л үлдсэн. Цаашаа тараагүй. Мань эр бол “Мастер, Маргарита хоёр”-оо сайн зохиол гэдгийг мэдэж байсан учраас “Миний насны бүтээл” гэж хэлсэн байна. Энэ зохиолд Зөвлөлтийнхний үнэн нүүр царайг дэлдийтэл нь гаргаад ирчихсэн байгаа биз дээ? Жишээлбэл, Никанор Иванович гэж орон байрны хүний дүр яваад байгаа боловч цаана нь Зөвлөлтийнхөн ийм л хүмүүс гэдгийг хэлээд байгаа юм. Тэгэхдээ маш хурц хэлдэг. М.Булгаков бол замбараагүй болсон нийгмийг эвтэйхэн засаж болохгүй гэдгийг олон жилийн өмнө ухаарчээ. Тэгээд 1990 он гарахад нөгөө нийгэм нь нурсан. Энийг хэн нураадаг вэ? Зохиолд Воланд гээд нөгөө талын хүмүүс гардаг аа? Чөтгөр шулмын дүрээр? Ийм хүч л унагана. Тэгсэн одоо ямар байна? Социализм нуран унахад нэг их гоё ярьсан хүмүүс гараад иртэл бүгд хулгайч, авлигач, юу юу болов? Тэгэхээр энэнтэй л уран бүтээлч хүний сэтгэл зүрх нийцдэггүй байна.

Михаил Булгаков. 1926 он. Энэ онд Зөвлөлтийн Дотоод яам түүний гэрт нэгжлэг хийж өдрийн тэмдэглэл, "Нохойн зүрх" зохиолын бичгийн машинаар цохисон эхийг хураан авчээ.   

Мастер гэж хэн бэ?

   М.Булгаков Мастерын дүрээр яг өөрийгөө бичсэн. Ер нь бол зохиолч өөрийгөө л бичдэг л дээ. Оргил зохиол нь голдуу өөрсдийнх нь тухай байдаг. Жишээ нь, Э.Хэмингуэй “Өвгөн, тэнгис хоёр”-тоо өөрийгөө л бичсэн. Э.Хэмингуэй нэг хэсэг гоё өгүүллэг бичиж байгаад унасан. Тэрийг “хайрцагт орох” гэж ярьдаг. Тэгээд мань хүн тэрнээсээ гарч чадахгүй гутарч архи ууж байгаад “Африкийн ногоон толгод” гэдэг тууж бичжээ. Тэгсэн чинь шүүмжлэгч нар “будаа болгоод” хаячихгүй юу. Тэрэнд бас гутраад Кубад очиж хэсэг хэвтсэн. Тэгээд өөрийгөө буюу “Өвгөн, тэнгис хоёр”-оо бичжээ. Барих юмсан гэж насаараа мөрөөдсөн том загасаа барьсан ч завин дээрээ гаргаж чадахгүй чирээд явж байтал аварга загаснууд дайрч нөгөөхийг нь идээд яс л үлдэнэ. Тэгээд өвгөн эрэг дээр гарч ирдэг. Э.Хэмингуэйн мөрөөдөл нь ерөөсөө насныхаа зохиолыг бичих. Тэр зохиол нь өндрөө авч байгаад он жилийн явцад доошоо орно. Тэгээд хэдий доош орсон ч тэрнээс нь яс үлдэнэ. 1960-аад онд тэгж хэлсэн. Тэрнээс хойш жаран жил өнгөрөв. “Өвгөн, тэнгис хоёр” яс болоогүй л байна. Насны бүтээл гэдэг ийм амь бөхтэй байдаг.

   Ерөөсөө бүх юм, бүх зовлонгоор нь Мастер бол М.Булгаков мөн гэж таньж болно. Амьдрал нь дурайтал харагдаж байдаг. Цонхны тал шиг юмаар хорвоог харж байгаа тухай гардаг. Энийг хагас амьдрал гээд байгаа юм. Яг тэр хагас амьдралаас гадна орчныг харж байгаа нь юуг хэлж байна гэхээр энэ байрны гадна байгаа хорвоо ерөөсөө л хагас юм байна гэсэн үг. Яахаараа заавал тэр муур хүрээд ирдэг юм, яахаараа тэр нэг зодоонч нөхөр байгаад байдаг юм. Уг нь бол огт өөр юмтай тэмцэлдэж байх ёстой шүү дээ. Чөтгөр бурхантай үзэлцдэг. Гэтэл яагаад бурхантай үзэлцэхийн оронд Зөвлөлтийнхнийг элдэвлээд байна вэ гэдэг асуултын хариу өөрөө аяндаа гараад ирнэ. Учир нь, тэднийг чөтгөр л дийлнэ, өөр юм дийлэхгүй ээ гэсэн үг. Тийм том санаа гаргаж ирж байгаа байхгүй юу. Бугшсан энэ юмыг бурхан дийлэхгүй, үнэхээр л чөтгөр дийлснийг бид 1990-ээд оны үйл явдлаар харлаа шүү дээ. Ийм л учиртай.

   Миний хамгийн хайртай дүр бол мэдээж Мастер, тэгээд Воланд. Воланд ерөөсөө бүх юмыг нээж өгч байгаа. Ингэхгүй бол болдоггүй юм аа гэж хэлээд байгаа юм. Тэрний дагуулсан албингууд дотор зорилгыг нь сайн ухаараагүй, тушаал биелүүлээд явж байгаа нь ч бий. Тэр тушаалыг өгч байгаа чөтгөр л бүх юмыг мэдэж байгаа шүү дээ. Воланд явахдаа “Буцаж ирнэ” гэдэг. Харин Маргарита бол тэр нийгмийн нэг эс. Яг Мастер шиг эсрэг зогсоогүй, дотор нь яваа хүн. Тийм болохоор учиргүй харгис хандах сэтгэл байхгүй. Воланд бол нураахаар ирсэн чөтгөр учраас хийхээ хийдэг. Ерөөсөө л эцсийн зорилго нь нураах шүү дээ. Маргарита эцэст нь цонх хагалаад, тачигнатал инээгээд давхина гэдэг бол ийм байх ёстой юм байна гэдгээ ойлгочихож байгаа юм. Гэтэл цонх хагалаад том байшин пижигнээд ирэхээр айсан хүүхэд гардаг даа. Маргарита бол хүүхэд байхгүй юу. Бүх юмыг дутуу ойлгочихсон. Яг чимээгээр нь тэнд цонх, энд аяга, таваг хагарч байна гэдгээр нь хүлээж авч байгаа, нийгмийн гүнд юу болж байгааг ойлгоогүй яваа хүүхэд. Энийг бол дүрээр үнэхээр гаргуун хэлсэн. Тэгээд л “Тайван байя” гэчхээд яваад өгдөг шүү дээ.

Хоёр орчуулга

   Дээр хэлсэн, энэ номыг монголоор анх орчуулсан хүн нь П.Батаа гуай гэж. П.Батаа гуайг ХААИС-ийн багш байсан гэж сонссон юм байна. Хоёр орчуулгыг харьцуулбал, хэллэгийн хувьд Ц.Гомбосүрэн гуайнх мундаг. Жишээ нь, хаврын нэгэн бүгчим халуун өдөр залуу яруу найрагч, шүлгийг нь яагаад хэвлэж болохгүй байгаа тухай редактортай хамт яриад явж байдаг шүү дээ. Тэгж яваад “Шар айраг, ус” гэсэн мухлаг руу явдаг аа даа? П.Батаа гуай тэрийг “ухасхийлээ” гэж орчуулсан байна. Харин Ц.Гомбосүрэн гуайн орчуулгад “жирийлгэв” гэж байгаа. Жирийлгэхээр тэр хоёрын ард нарийн тоос босож байгаагаар миний санаанд буудаг. Монгол хэлний гайхамшиг нь тэндээ бий. Тэр хоёр чинь маш халуун өдөр хүйтэн юм руу яарч яваа юм шүү дээ. Тэрийг жирийлгэв гээд биччихээр жирийгээд алга болж байгаа биз? Өөр нэг жишээ хэлье. Маргарита шулам болчхоод уурандаа цонх хагалаад хөхөрч яваа тухай гардаг. Энийг П.Батаа гуай “инээв” гэсэн бол Ц.Гомбосүрэн гуайнх болохоор тачигнатал хөхөрдөг. Ингээд бичихээр яг л шулмаараа буугаад ирж байгаа юм. Ийм юм зөндөө бий. Ерөөсөө л монгол хэлний дүр тодосгодог үгнүүд байгаа юм. Ц.Гомбосүрэн гуайн орчуулгыг огт санаандгүй олж аваад амтанд нь шууд орсон. Би бол Ц.Гомбосүрэн гуайг танихгүй шүү дээ. Хаа нэг уулзалт юман дээр таарвал мэнд ус мэдэхээс хэтэрдэггүй. Тэр хүн бол намайг мэдэх ч үгүй. Карамазовын хүүхдүүдтэй үзэлцдэг том амьтан шүү дээ.

   Би “Мастер, Маргарита хоёр”-ын хоёр орчуулгын аль алиныг өөрөө худалдаж авсан. Дүү нар миний номыг зүгээр байлгадаггүй юм. Ц.Гомбосүрэн гуайн орчуулгыг авсны дараахан нэг дүү маань манайд ирэхдээ П.Батаа гуайн орчуулгыг авч яваад буцааж авчраагүй дээ.

МАССОЛИТ ба Главлит

   Тэр үед МАССОЛИТ гэж байсан. Манайд бол Главлит. Би өөрөө тэр үед радиогийн сурвалжлагч байсан учраас Главлитийг нэвт мэднэ. Улс төрийн зорилготой юм байна уу гэдгийг хардаг. 40 хуудас зохиол бол радиогийн 40 минутын нэвтрүүлэг байхгүй юу. Тэр 40 хуудсыг нэг бүрчлэн уншиж зөвшөөрдөг. Манайхыг хариуцсан Чалхаажав, Чулуунцэцэг гэж хоёр хүн байсан. Чалхаажав гуай миний нэвтрүүлгийг унших дуртай. Мань эр миний зохиолыг аваад шууд тамгаа дарчихдаг байсан. Яагаад гэхээр, итгэлтэй хүүхэд гэж байгаа юм. Яг үнэндээ Чалхаажав гуай хариугүй тэтгэвэртээ гарах гэж байсан болохоор залхуу болчихсон байхгүй юу. Тэгээд бид хоёр нэг удаа улс төрийн хэрэгт ороод баларч явлаа. Надад итгээд тамгаа дараад явуулчихгүй юу. Хуудас бүр дээр нь тамгалдаг юм. Уг нь ч тэнд нэг их улс төрийн юм байгаагүй л дээ. 1989 онд болсон хайгуулын зөвлөгөөний сурвалжлага байсан. Намайг ажлаас халах дээрээ тулаад Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны Л.Зантав дарга дээр орлоо. Их нуруутай хүн байсан юм. Манай дарга нар намайг халах дургүй. Тэгээд Л.Зантав дарга “Чи дуугүй л наад нэвтрүүлгээ хийгээд яв” гэсэн. Тухайн үед “Нэвтрүүлгийг бичсэн тэр” гэж заавал хэлдэг, тэрийг Төв хорооны үзэл суртлын хэлтсийнхэн сонсож “Д.Энхболд хариуцлагагүй юм хийсэн байна” гээд тэмдэглэж аваад гаргаад ирдэг байхгүй юу. Тийм учраас Л.Зантав дарга “Нэрээ тавихгүй, нууц нэр олоод явж бай” гэсэн. Улс төрийн хэрэг гэсэн учир нь нэвтрүүлэгт Сайд нарын Зөвлөлийн даргын яриаг яамны орлогч даргын дараа оруулсан асуудал л байсан. Ийм л юм болдог байлаа. МАССОЛИТ бол ерөөсөө яг тийм байгууллага. Хоёрдугаарт, тэр газар хайрыг нь татсан зохиолчдоо маш сайхан амьдруулдаг, эвлэлдээ элсүүлдэг, үнэгүй хоол идүүлдэг.

   Манай Зохиолчдын хороо ч бас нэг үе МАССОЛИТ-ын зарчмаар явж ирлээ шүү дээ. Зохиолчдын эвлэлийн гишүүд бол жилдээ нэг удаа зардал аваад томилолтоор явна. Төсөвт байгууллага. Тэгэхээр улсын төсөвт тэр хүний зохиол бүтээлээ бичих тэр нөхцөлийг тусгасан гэсэн үг. Зохиолчдыг бол зүгээр нэг газар аваачаад тэнд суугаад бич гэхгүй. Тухайн үеийн хамгийн сайхан газар хаа байна, тэнд аваачна. Манай зохиолчдын ихэнх нь зохиолоо туурвисан Зулзагын гол гэж амралтын газар Дарханы тийшээ байсан юм билээ. Бид нар бол очиж үзээгүй. Жанчивлан, Сөгнөгөр, Сонгинын амралтад очиж бүтээлээ бичдэг байж. 1990 хэдэн онд би Казахстаны Алматыд хэдэн сар байсан юм. Манай Х.Жукель гэдэг яруу найрагч Казахстан руу нүүж очсон байсан, одоо тэндхийн иргэн л дээ. Тэгэхэд мань эр ярьсан юм. Алматы урд талдаа Алатау гээд нэг их сайхан уултай. Тэр уулын яг орой дээр “Медео” гээд тэр үедээ дэлхийд алдартай мөсөн спортын ордон байлаа. Тэрнээс нэлээн дор зохиолчдын уран бүтээлийн байр байдаг гэнэ. “Би тэнд очиж үзээгүй. Тэр байранд бүх юм үнэгүй. Н.Назарбаевын хайрыг хүлээсэн зохиолчид л тэнд дөрөв, таван өрөө байранд суудаг” гэнэ. Н.Назарбаевыгаа магтан дуулаад сууж байдаг гэж байгаа юм. Тэрэн шиг юм яг Зөвлөлтийн нийгмийн турш байсан. Тэр байтугай социалист бүх оронд байсан.

Мастер бол бид

   Мастер бол ер нь бид юм. Тэр үед бидний дотоод сэтгэл мөн л тийм байлаа шүү дээ. Гэхдээ хувирал бол байна. Ямар амьтан болох вэ, тэр муур болох уу, Воланд болох уу, хүн зоддог нөхөр болох уу? Ний нуугүй ярихад зарим үед зодчихмоор байдаг. Зарим өдөр бол учир зүйг нь олоод нааш цааш нь болгомоор бодогддог. Ер нь энэ нийгэм болохгүй байна гэдэг ойлгомжтой. Социалист нийгэмд бид энэ Өрнөдийг холоос харж байлаа шүү дээ. Тэнд жийнс, рок, пянз, бохь байдаг, эрх чөлөөтэй, нам засгаа дуртайгаараа хэлдэг, хэвлэл сониноороо шүүмжилдэг, гудамжинд дуртайгаа ярьдаг, ямар гоё вэ гэж боддог байхгүй юу. Тэрнээс биш өнөөдрийнх шиг сэтгэгдэл төрөхгүй шүү дээ. Биднийг наймдугаар анги хүртэл халимаг тавихыг зөвшөөрөөгүй. Өргөн өмд хийгээд өмсөхөөр хайчлаад хаяна. Хайчгүй явдаг багш гэж байсан ч юм уу. Тэгэхээр зохиол бичээд, оролдоод эхлэхээр хамгийн түрүүнд л тэр л бодогдоод эхэлдэг. Тэгээд л нийгмээ шүүмжлээд ирэхээр багш, ахмад зохиолчид биднийг байнга л сургана. “Р.Чойном яалаа, шоронд орох гээгүй бол боль” гэнэ.

   Бид бол азтай үе. 1980-аад онд л утга зохиолын хамгийн гадна талын хүрээ рүү орж ирсэн. Эхлэн бичигч, сонирхогч гэдэг нэр томьёо байсан юм. Яг тэр гадна талын хүрээ рүү хэдэн оюутан орж ирлээ. Биднийг зохиолчдын хурал зөвлөгөөн, юм хуманд оруулна. Өөрсдөө хоорондоо их ярилцана. Тэр үеийн зохиолчдоос социализм, Ю.Цэдэнбал, тэр бүү хэл аймгийн намын хороон даргаа магтаад биччихдэг хүмүүс гарна. Тэднийг их муу хэлж, эдэн шиг л болохгүй гэлцэнэ. Энэ санаа нь анхны шүлэг, өгүүллэгт нь гараад ирдэг юм байна л даа. Тэгэхээр Б.Явуухулан гуай эд нар үзэхээрээ “Энэ болохгүй ээ, хүүхдүүд ингэж яваад орон шоронд орно” гэнэ. Мэдэж байгаа байхгүй юу. Би “Соёо” гэж анхны туужаа 1986 онд бичсэн. Тэр үед манай Зохиолчдын хороон дээр залуу уран бүтээлчдийн хоёр сургалт болдог байв. Яруу найргийн, үргэлжилсэн үгийн гээд. Би үргэлжилсэн үгийнхэд нь явдаг байлаа. Тэр нөхдөдөө уншаад өгсөн чинь Д.Гармаа гуай “Наадах чинь ер нь болчихсон юм байна шүү” гэж байна. Тухайн үед Д.Маам, С.Эрдэнэ нар байлаа л даа. Тэдэнд уншуулсан юм байна. Тэр үед ном хэвлэгдэнэ гэдэг жинхэнэ мундаг юм байхгүй юу. Би Д.Гармаа гуайг миний номыг хэвлүүлэх гээд аваад явчихлаа л гэж ойлгосон юм. Тэгсэн хэвлэдэггүй. Тэгээд хоёр жилийн дараа 1988 онд Зохиолчдын их хурал Драмын театрт болж анх удаа чөлөөт микрофон тавилаа. Би микрофон дээр нь очиж байгаад “Та нар миний номыг хэвлэж өгдөггүй юм бол би өөрөө гараар бичээд тараана” гэхгүй юу. Тэр үг нэлээд доргиосон юм шиг байгаа юм. Гэхдээ л хэвлээгүй. “Тэр муухай туужийг хэвлүүлэхийн оронд шүлгийнхээ номыг аваад ир” гэсэн. Шүлгийн ном ч надад бэлэн байсан л даа. Тэрийгээ төлөвлөгөөнд оруулаад байж байтал 1990 он болчихлоо. Тэрний буянаар ч юм уу, “Соёо” 1990 онд хэвлэгдээд нэлээн шуугиан тарьсан. Тэрэн шиг бидний урд талд бидний үе мөртлөө ном нь түрүүлээд гарсан Цагаанхүү гээд мундаг залуу байсан. Хориотой юм бичээд амьдрах аргагүй болсон л доо, хөөрхий.

   Д.Маам, С.Эрдэнэ гуай бол нэлээн сүүлд надад хэлсэн юм. “Тэгэхэд би тэр туужид чинь дургүйцээгүй. Чамайг хамгаалсан. Чи 1986 онд хэвлүүлсэн бол шууд шоронд явна. Главлит ч хэвлүүлэхгүй. Бид ярьж хөөрөөд Главлитийг даваад хэвлүүлдэг юм гэхэд дараа нь чамайг шорон хүлээж байсан” гэж. Ахмадууд маань биднийг хайрладаг байж дээ гэж би боддог юм. Тийм нийгэм байсан учраас бид дотроо дургүй байсан. Одоо би энэ нийгэмд бас дургүй байгаа. Яасан гэхээр бүх юм чөлөөтэй болоод ирсэн чинь мэргэжлийн юм алга болсон. Хэн дуртай нь, юу дуртайгаа хийж байна. АНУ-д ч ийм үзэгдэл байгаа. АНУ-д 80 сая эхнэр гэртээ хүүхдээ хүмүүжүүлж байна, тэдний уншдаг гэр бүлийн роман гэж бий. Одоо манай маш олон роман яг тэр. Нийгэм рүү хандсан хэлц, хэллэг байхгүй, зүгээр л нэг сайхан юм яриад байдаг. Гэтэл жинхэнэ уран бүтээлийн зорилго нь нийгмийн гүнд нь үр суулгах явдал. Энэ нийгэм чинь ингээд байна шүү гээд тэр нь ургаад гарч ирэх явдал нь тэрийг уншиж байгаа хүрээллээсээ болно. Нийгмийн олонх нь тэр үр жимсийг хүлээгээд авбал тэр зохиол нас гүйцсэн мод, самраа өгдөг хуш болох нь байна. Тэр болтол маш олон жилийг туулдаг. Үүний бэлээхэн жишээ нь “Мастер, Маргарита хоёр” юм.

М.Булгаковын хаялга

   “Мастер, Маргарита хоёр”-ыг бичсэнээс нь хойш 37 жилийн дараа хэвлэсэн гэдэг. Тэгж хэвлэгдээд дахиад л дарагдсан ном доо. Н.Хрущёвын үед гарч ирсэн, тэрнийг унасны дараа дахиад дарагдсан. Ер нь Н.Хрущёвын үед гайгүй хэдэн юм гарчихсан шүү. Энийг сталинизмыг харааж зүхэж байна гэж нөгөөдүүл чинь дутуу ойлгож байгаа юм. Б.Пастернак, А.Ахматова, Н.Гумилёвын бүтээлийг хэвлэх нь хэвлэсэн. Тэр үеийг Н.Хрущёвын дулаарал гэдэг. Гэвч араас нь Л.Брежнев гарч ирснээр үзэл суртал эргээд чангарсан юм. Ингээд 1990-ээд он хүртэл дарагджээ. 1966 онд хэвлэгдсэн нь утга зохиолын дараа үеийнхэндээ маш их нөлөөлсөн. Дараа үеийнх нь хүмүүс гэвэл, Ч.Айтматов, Ю.Рытхэу, манай энүүхэнд байдаг Эрхүүгийн нөхөр В.Распутин, Гүржийн Н.Думбадзе, жүжгийн зохиол дээр буриад А.Вампилов, яруу найрагт Р.Рождественский, нөгөө галзуу нь манай Монголд ирж байсан “Ангарын гал”-ыг бичсэн Е.Евтушенко байна. Ийм бүтэн үеийг зохиолуудаараа хүмүүжүүлсэн. Маш олон сайхан зохиолыг ургуулах үндэс, үр хөврөл болсон юм. Тэдний зохиолыг уншаад үзэхэд л энэ “Мастер, Маргарита хоёр” хангалттай. Ерөөсөө Ч.Айтматовын ямар ч тууж, романыг уншихад ерөөсөө “Мастер, Маргарита хоёр” л байдаг. “Анхны багш”, “Эхийн тал”, “Гульсары минь баяртай”, “Улаахан алчууртай хонгор минь” туужууд нь 1970-аад оны дунд үед гарсан боловч алийг нь ч үзсэн М.Булгаков, М.Шолоховын тусгал нь арай зөвлөлтөжсөн, зөөлрүүлсэн маягтай буусан байдаг. Гэхдээ л дотрыг маажтал хийсэн бий.

   “Мастер, Маргарита хоёр”-ыг уншаад би нийгмийг өвч бүрэн задалж ойлгосон. Миний зохиолд ч нөлөө нь байгаа байх. Гэхдээ яг тэгж, ингэж гэж хэлж мэдэхгүй байна. Ч.Айтматов, Г.Распутины зохиолд энэ ном туссан гэж ярьсан даа. Тэрний хэмжээнд бидний зохиолд туссан гэж ойлгодог. Нэг үе бидний уншдаг юм тэд нарынх л байлаа. Залуу байхад дамжаад ирж л дээ. Дараа нь тэрийг өөрөө барьж аваад задлаад уншихаар Ч.Айтматовын яриад байдаг чинь энд бол ийм юм байна шүү дээ гээд харьцуулж ойлгодог болж байна. Ерөөсөө л энэ ном бол нийгмийн задаргааны сурах бичиг юм аа.

   Манай арван жилд нэг их уншдаг хүүхдүүд байсан. Одоо ч уншдаг. Тэр үед монгол хэлээр гарсан дотоодын, орчуулгын, бүгдийг нь уншчихсан. Манай аав идэвхтэн бичигч хүн байлаа. Тийм учраас маш том номын сантай. Манайд бүх ном байсан. Би чинь зургаан настайдаа ах нартай тоглож байгаад уншаад сурчихсан. Тэгээд хоёрдугаар ангид байхдаа анх аавынхаа номын сантай танилцсан. “Шадар гурван цэрэг”, “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” зохиолоор эхэлж байлаа. Аав номын сандаа хийгээд цоожилчихдог байв. Тэр үед одоогийнх шиг халуун устай байр гэж байх биш. Аав бол “Чи гараа угааж байж унш. Хуудсанд нь хурууны хир нааж болохгүй” гэж захина. Тэгээд хоёрдугаар ангиасаа уншиж эхэлсэн. Тэгж явсаар дотоодын дээд сургуульд орлоо. Манай өнөө уншдаг найзууд хойшоо явсан. Тэгээд надад Ч.Айтматовын “Улаахан алчууртай хонгорхон минь” номыг оросоор нь явуулдаг юм. Энэ тууж Зөвлөлтийн нийгмийг шуугиулж Ч.Айтматов гэдгэр болсон шүү дээ. Би ч тэдэнд захиа бичдэг байлаа. Их сургуульд ортол анхны хичээлээсээ хэлээд оросоор явчхаар би “Здравствуйте” гэдэг үгтэй үлдэж байгаа юм. Орос лекц орохоор тэмдэглэж авч чадахгүй, ангиараа л тийм. Тэгээд нөгөө найзууддаа “Харьцуулаад уншчихаар монгол руу орчуулсан ном явуулаач” гэхээр нөгөө хэд маань ном явуулж, би монгол эхтэй нь тулгаж хардаг байлаа. Тэгж байтал хэн нь ч санаачилсан юм, 1980-аад оны эхээр Ч.Айтматовын “Гульсары минь баяртай” туужийг орчуулаад орос, монголоор нь нэг болгоод гаргажээ. Тэр л бидний гарын авлага болсон доо. Төгсөхдөө бол бид оросоор геологи, хайгуулын хичээлээ бүрэн ойлгодог болоод төгссөн. Төгсөж гараад дандаа Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй ажилласан даа.

"Мастер, Маргарита хоёр" романд Оросын зураач Павел Оринянскийн хийсэн чимэг зураг.

Мянган километрийн цаана суугаа малчин бүсгүйд зөвлөсөн нь

   Юм хийж байгаад гацчихаараа сөхөж хардаг гурав дөрвөн ном надад бий. Нэг нь энэ “Мастер, Маргарита хоёр”. Энийгээ сөхөж харна. Гэхдээ үйл явдлаасаа л болно. Жишээ нь, би тулаантай хэсэг дээр явж байгаад гацвал Маргаритагийн шулам болдог хэсэг рүү очно. Бүр уран санаа байхгүй болоод ирэхээр “Зуун жилийн ганцаардал” руу орно. Бүр сонин сэтгэхүй хэрэг болбол Г.Аким гуайн орчуулсан “Судрын чуулган”-ыг сөхдөг. “Судрын чуулган” бас их сонин өгүүлэмжтэй шүү дээ. Одоо бол би ялимгүй ихэмсэглээд хэлэхэд “Мастер, Маргарита хоёр” зохиолыг ойлгосон. Тийм учраас сөхөж хармаар болбол тэр хэсгээ шууд олдог болчихсон. Тэрнээс биш дахиад эхнээс нь нэг бүрчлэн уншаад суухад зав ч муухан, тэгэх шаардлага ч алга.

   Яг одоогоор бол манай “улаахан хацартай” Я.Баяраа энэ зохиолыг маш сайн ойлгосон. Манай Мө.Батбаяр байна. Бид хэд ер нь ойр ойрхон уулздаг юм. Тэгээд ярилцдаг. Мө бол сайн ойлгосон хүүхэд. Манай үеийнхэн бол энэ зохиолыг мэднэ л дээ. Харин ний нуугүй ярихад “Мастер, Маргарита хоёр”-ыг Зөвлөлтийн дараах Оросын нийгэмд ойлгож хүлээж авсан хүн харьцангуй цөөн гэж би боддог. Одоо л хүмүүс нийгэм гэдэг чинь ийм юм гэдгийг ойлгож байгаа. Нийгэм хувьсаж өөрчлөгдөөд, луйварчид гарч ирээд тэр том улсыг унагадгийн даваан дээр ирж байна. Эргээд дарангуйлагч гараад ирж байгаа биз? Ийм үйл явдал ингээд л өрнөөд байдаг юм байна гэдгийг л олон жилийн өмнө М.Булгаков зохиолоороо хэлсэн юм байна. Одоо бол Оросын уншигчдын 50-60 хувь нь л ойлгосон байх гэж бодоод байгаа. Манайд бол болоогүй, түүхий байна. Нийт уншигчдын 10 хувьд хүрсэн үү, үгүй юү. Энийг уншаад нийгэм гэдэг чинь ийм юм байна аа гээд тунгааж бодоод, эхлээд нийгмээ задалж үзээд дараа нь нэгтгээд өөртөө дүгнээд авсан хүн бол ер нь 10 хувиас хэтрэхгүй дээ.

   Гэхдээ энэ номыг унш гэж санал тавимааргүй хүмүүс гудамжаар дүүрэн явж байна. “Энэ хүнд энийг хэлээд хэрэггүй биз дээ” гэмээр улс байдаг даа. Би нүүр номын идэвхтэй хэрэглэгч. Тийм хүн түүгээр дүүрэн бий. Нүүр ном ганцаардлын орчин бий болгодог. Гэтэл манай Гурвантэс суманд Өнөрдэлгэр гэж 50 эргэм насны эмэгтэй бий. Малчин хүн. Тэр бол уншихгүй номгүй. Би Өнөрөөд энийг уншаагүй гэхээр нь “Олж унш” гэсэн чинь “Ах аа, олдохгүй байна” гэнэ лээ. “Би олж өгч явуулъя” гэсэн. Энэ номыг мянган километрийн цаана байгаа малчинд уншаарай гэж байгаа бол хэдхэн алхмын цаана байгаа хүнд за юү гэхэв дээ гэсэн бодол төрж байдаг, харьцангуй юм л даа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.