images

Поп дуучин Кэти Перри нарын зургаан бүсгүй сансарт нисээд ирэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-15


   Тэрбумтан Жэфф Бэзосын үүсгэн байгуулсан “Blue Origin” сансрын компанийн хөлгөөр поп од Кэти Перри нарын зургаан бүсгүй сансарт нисээд өчигдөр эх дэлхийдээ бууж ирэв. CNN агентлагийн мэдээлснээр "New Shepard" нэртэй сансрын хөлөг АНУ-ын Баруун Техас мужаас 14-ний өглөө хөөрсөн бөгөөд сансарт 10 минут орчим байсны дараа бууж иржээ. Хөлөг 107 км-ийн өндөрт хөөрч, дэлхий, сансрын зааг гэгддэг Карманы шугамыг давжээ. Аялагчид сансрын нисэгчидтэй нэгэн адил жингүйдлийн орчинд орж огторгуйн мандлаас эх дэлхийгээ харжээ. Нислэг дуусахад дуучин Кэти Перри хөлгийн бүхээгээс гартаа цэцэг барин бууж ирээд газарт сөгдсөн байна. Түүнээс сансарт аялсан тухайгаа уран бүтээл хийх эсэхийг асуухад "Мэдээж" гэж хариулжээ. Энэ нислэгт түүнээс гадна “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Ж.Бэзосын сүйт бүсгүй Лорен Санчес, CBS телевизийн өглөөний шоуны хөтлөгч Гэйл Кинг, сансар судлалын инженер Айша Боу, кино найруулагч Керриен Флинн, иргэний эрхийн төлөө тэмцэгч Аманда Нгуен нар явсан байна. Аяллын явцад сэтгэл нь ихэд хөдөлсөн дуучин К.Перри "What a Wonderful World" дууны хэсгээс дуулсан гэнэ. Энэ бол АНУ-аас эмэгтэй хүн сансарт хөөрсөн анхны нислэг юм. 1963 онд Зөвлөлтийн иргэн Валентина Терешкова сансарт ниссэн анхны эмэгтэй болж байв. Одоогийн байдлаар дэлхийгээс 700 гаруй хүн сансарт аялсан ч тэдний дөнгөж 15 хувь нь эмэгтэйчүүд байна гэж “Associated Press” агентлаг мэдээлжээ. Хоёр сарын дараа Италийн Венец хотод хуримаа хийх гэж буй Л.Санчест сүйт эр нь энэ аяллыг зориулсан бөгөөд багаа дан эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн нь Л.Санчесийн санаа гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.