"The MongolZ" Их мастер Б.Мөнгөнтуулыг багтаа авчээ
Чихэнд чимэгтэй
2025-04-15
Монголын цахим спортын "The MongolZ" баг шатрын Их мастер Б.Мөнгөнтуулыг эгнээндээ нэгтгэснээ өчигдөр зарлалаа. Цахим спортын дэлхийн хамгийн том тэмцээнүүдийн нэг "Esports World Cup-2025"-д шатрын төрөл нэмэгдсэнээр тус багийн шатарчнаар Б.Мөнгөнтуул тоглохоор гэрээ байгуулсан байна. Б.Мөнгөнтуул өчигдөр Энэтхэгт эхэлсэн Дэлхийн шатрын холбооны тав дахь цувралын эмэгтэйчүүдийн "Гран-При" тэмцээнд оролцож байна. Тэрбээр энэ тэмцээний үзүүр түрүүнд үлдвэл 2026 онд Дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх юм. Олон Улсын Олимпын Хороо 2023 онд цахим спортыг Олимпын хөдөлгөөний нэг хэсэг болгох санаачилгыг гаргаж, дэргэдээ цахим спортын асуудал хариуцсан комисстой болсон билээ. Улмаар “Олимпын цахим спортын долоо хоног” арга хэмжээг Сингапур улсад зохион байгуулж, 2025 онд Саудын Араб улсад Цахим спортын Олимпын наадмыг зохион байгуулахаар товлосон юм. Энэ наадам ирэх долоодугаар сард эхлэх бөгөөд 70 сая долларын шагналын сантай, нийт 21 төрлөөр явагдах ажээ. Манай улс 2024 онд Цахим спортын комисстой болсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.