Амьтны зургийг хиймэл оюунаар хүний зураг болгох шинэ давалгаа эхэлжээ
Анд нөхдийн мэдээ
2025-04-16
Анимэйшн киноны “Ghibli”, “Disney” студийн бүтээсэн баатруудын хэв маягаар бүтээсэн зургууд цахим орчинд саяхан нэг хэсэгтээ давалгаалсан бол одоо хүний дүрд оруулсан амьтдын зураг “ChatGPT”-ийн шинэ хандлага болон гарч ирж байна. Энэ талаар “New York Post” сонин "Хүмүүс гэрийн тэжээвэр амьтдаа ChatGPT ашиглан хүн болгож байна" хэмээгээд “TikTok”-ийн сүлжээнд байрлуулсан хэд хэдэн дүрс бичлэгийг жишээ болгожээ. Тухайлбал нэгэн цахим хэрэглэгч ирланд сеттэр үүлдрийн нохойныхоо зургийг хиймэл оюуны тусламжтайгаар хүн болгож хувиргасан зургаа нийтэлсэн байна. Ингэхдээ буйдан дээр хэвтээд хоёр сарвуугаа урдаа зөрүүлэн тавьсан нохойны зургийг гараа өвдөг дээрээ зөрүүлсэн, улаан шаргал үстэй залуухан эмэгтэй болгож хувирсан байна. Арваад секунд үргэлжлэх энэхүү богино хэмжээний видео бичлэг хоромхон зуур 2.3 сая гаруй хандалт авчээ. Өөр нэгэн хэрэглэгч амаа ангайлгаж камер луу ширтсэн бульдог нохойныхоо зургийг мөн аргаар хүн дүрсэд хувиргахад том буурал сахалтай, инээмсэглэсэн төрхтэй дунд насны эр хүн болж хувирчээ. Энэ мэт хиймэл оюуны тусламжаар амьтдыг хүн болгож хувиргах явдал зөвхөн нохойгоор хязгаарлагдахгүй шишүүхэй, яст мэлхий зэрэг амьтдыг хүртэл хамарч байгааг тус сонин онцолсон байна. Ингэхийн тулд "ChatGPT”-д нэвтэрч, тэжээвэр амьтдынхаа гэрэл зураг болон нас, хүйсийг нь оруулаад "Миний нохой хүн байсан бол ямар харагдах байсан бэ?" гэсэн команд өгөхөд хоромхон зуур хүн болгон хувиргаж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.