Их Британи: Хүний арьсаар хавтасласан номыг үзэсгэлэнд гаргана
Анд нөхдийн мэдээ
2025-04-17
Их Британийн Саффолк мужийн Мойес Холл музей 19 дүгээр зууны үед хүний арьсаар хавтасласан номыг үзэсгэлэнд гаргахаар болжээ. Музейн захиргаа “Өнгөрсөн үеийн түүхийг хүмүүс хүргэх зорилготой” гэж тайлбарласан ч хүний арьсаар хавтасласан номыг үзэсгэлэнд гаргах нь ёс зүйгүй үйлдэл гэх шүүмжлэл ч гарч байна. Номын хавтасыг 1827 онд Саффолк мужийн нэгэн тосгонд болсон "Улаан агуулахын аллага" гэж нэрлэгдсэн гэмт хэргийг үйлдэн цаазын ял сонссон Уильям Кодерын арьсаар хийсэн аж. У.Кодер нь тухайн үед үерхэж байсан 25 настай Мария Мартен хэмээх бүсгүйг хөнөөсөн хэргээр цаазаар авах ял сонсжээ. Дараа жил нь түүнийг олны өмнө цаазалсан бөгөөд дараа нь цогцсыг нь задалж, арьсаар нь номын хавтас хийсэн байна. Уг ном түүний үйлдсэн гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн ном тул арьсаар нь хавтасласан гэнэ. Харин тухайн үед түүнийг эд мөрийн баримтаар бус зөвхөн болж өнгөрсөн нөхцөл байдалд дүгнэлт хийн буруутгаж ялласан гэдэг. Мартений ээж "Би охиноо улаан өнгийн агуулах дотор булаастай байна гэж зүүдэлсэн" гэсэн ярианд үндэслэн уг агуулахыг нэгжиж үзэхэд үнэхээр дотроос нь тэр бүсгүйн цогцос олдож, мөн У.Кодерын алчуур гарч иржээ. Үүнийг нотлох баримт болгон шүүхээр оруулж ял оноосон байна. Харин сүүлийн үед түүнийг хилсээр ялласан гэх шүүмжлэл гарах болжээ. У.Кодерын цаазаар авах ялыг гүйцэтгэх үед цаазын талбайд 7000 гаруй хүн цугларсан гэдэг. Уг номын талаар музейн ажилтан хэлэхдээ "Энэ ном нь зөвхөн сэтгэл хөдөлгөм үзмэр төдийгүй өнгөрсөн түүхийн гашуун үнэнийг хүмүүс хүргэх гүүр юм” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.