images

Жүжигчин Ж.Ван Дамм ерөнхийлөгч В.Путинээс юу хүсэв?

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-04-17


   Холливүүдийн тулаант киноны алдартай жүжигчин Жан-Клод Ван Дамм ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд хандан, энхийн элчийн хувиар Орост очих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Олон нийтийн “Telegram сүлжээнд нийтлэгдсэн бичлэгт тэрбээр “Орост очмоор байна. Гэхдээ зөвхөн энхийн зорилгоор. Ямар ч улс төр байхгүй, зөвхөн энх тайван, спорт, аз жаргал!” хэмээн ярьсан байна. 2010 онд тэрбээр дүрэмгүй тулааны Европын аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр Оросын Сочи хотод очиж байсан гэнэ. Ингэхдээ В.Путинтэй уулзаж байснаа уг бичлэгт дурссан байна. ОХУ-ын ерөнхийлөгчтэй ярилцан гадуур алхаж явахдаа Ж.Ван Дамм түүний хөл дээр гишгэчихжээ. Хариуд нь В.Путин мөн түүний хөл дээр гишгэсэн бөгөөд хоёул харилцан хэд хэдэн удаа ингэсний эцэст В.Путин “Одоо болно! гэсэн гэнэ. “Яагаа вэ?” гэж жүжигчнийг асуусанд В.Путин “Хөл дээр гишгэхийг Орост муу ёр гэж үздэг. Хариу гишгэж цээрийг нь гаргадаг юм” хэмээн хэлснийг Ж.Ван Дамм бичлэгт ярьсан байна. Бичлэгийн төгсгөлд тэрбээр В.Путинд талархал илэрхийлээд үнсэлт илгээжээ. Бельгид 1960 онд төрсөн Ж.Ван Дамм анх бодибилдинг, каратэ, кикбоксингийн алдартай тамирчин байсан бөгөөд тулааны урлагаар хэд хэдэн удаа Европ, дэлхийн аварга болж байв. Тэрбээр 1980-аад онд тулаантай киноны алдартай жүжигчин Чак Норристой танилцсанаар АНУ-д ирж анхныхаа кинонд тоглосон түүхтэй. Өнгөрсөн хугацаанд Холливүүдийн 50 гаруй кинонд тоглосон тэрбээр хоёр ч кино найруулжээ.                   

Гэрэл зургийн эх сурвалж: www.wikipedia.org

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.