images

“Ghibli style“ профайл зургийн талаар уран бүтээлчид юу ярив?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-17


   Саяхан цахим орчинд хэсэг зуур давалгаалсан Ghibli профайл зураг нь бүтээлч байдал гэж юу болох талаар маргаан үүсгэж байна. Японы алдартай найруулагч Хаяао Миязакигийн анимэйшн зургийг хиймэл оюун ChatGPT хэдхэн секундын дотор өөрчлөн бүтээж байгаа нь нэг талаар хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, нөгөө талаар уран бүтээлчдийг бухимдуулж байгаа юм. Хүний нэг ширхэг үс, эсвэл тэнгэрт хөвөх үүлийг зурж урлах гэж олон цаг, ур ухаан зарцуулдаг байсан энэ орон зай улам давчуу болж, бүтээлч үйл эрхэлдэг зураач, зохиолч, дизайнеруудын эрэлт хэрэгцээ багасч байгаа тухай тэд ярьж байна. Уран бүтээлчид нэг хүүхэлдэйн кино бүтээхэд олон хоног зарцуулдаг бол ChatGPT ашиглан хүүхэлдэйн кино бүтээгчид нэг өдөрт хэд хэдийг үйлдвэрлэнэ. Ингэхдээ бусдын бүтээл, санааг хулгайлах нь түгээмэл, үүнийг зохицуулсан хууль тогтоомж муу байгаа нь тэднийг бүр цөхрөнгөө барахад хүргэж байна. Өмнө нь уран бүтээлчийн бүтээл хулгайд алдагдахад даруй учир зүйг нь олохоор үл барам нөхөн төлбөр авдаг байсан бол одоо хиймэл оюунтай зарга хийх бараг боломжгүй болжээ. Найруулагч Х.Миязаки Ghibli маягийн профайл зурганд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй ч тэрбээр өмнө нь 2016 онд NHK телевизийн хиймэл оюун ухаанаар бүтээсэн анимэйшн киноны тухайд "Энэ технологи надтай огт зохицохгүй юм шиг байна. Ер нь бол маш таагүй зүйл. Хүнийг доромжлоод байгаа ч юм шиг” гэж байжээ. Харин “One Piece” мангаг хүүхэлдэйн кино болгон хувиргасан найруулагч Мэгүми Ишитани "Ghibli-"гийн зургийг хиймэл оюунаар хувирган ашигладаг япон хүмүүс байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ бол Ghibli брэндийг доромжилсон үйлдэл" гэжээ. Мөн Америкийн хүүхэлдэйн киноны найруулагч Хэнри Теру "Ghibli AI дүрсийг бүтээгчид жинхэнэ уран бүтээлчдийг гомдоож байна. Цаашид тэд юу хийхийг таашгүй” гэсэн байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.