Хамгийн олон тэрбумтан амьдардаг дэлхийн 10 хот
Анд нөхдийн мэдээ
2025-04-18
“Forbes” сэтгүүл хамгийн олон тэрбумтан амьдарч байгаа дэлхийн 10 хотыг 2025 оны байдлаар гаргажээ. Тэрбумтнууд хамгийн олноор төвлөрөн суусан Нью-Йорк хот жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд улам бүр өргөжин тэлж буй технологи, санхүүгийн салбараас гадна хиймэл оюуны (AI) салбар шинэ хөрөнгөтнүүдийн төрөн гарах нэг гол эх үүсвэр болж байгааг энэ жагсаалт харуулж байна. Өнөөдөр дэлхийд буй 3028 тэрбумтны 25 хувь нь энэ 10 хотод амьдран сууж байгаа бол тэдний хөрөнгийн нийт хэмжээ 3.3 их наяд доллар болж байгаа ажээ.
1. Нью-Йорк. Хэт баячууд суудгаараа хэзээнээс алдартай, олон тэрбумтантай хотуудын жагсаалтыг сүүлийн 12 жил тэргүүлж буй (энэ хугацаанд нэгдүгээр байранд өөр ганцхан хот нэг удаа орж байсан нь Бээжин юм (2021 он). Нью-Йоркт амьдарч буй 123 тэрбумтны нийт хөрөнгө 759 тэрбум доллар болж байна. Тэдний дийлэнх нь санхүү, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, хувцас загварын салбарынхан юм. Зөвхөн санхүүгийн салбараас гэхэд л энд 68 тэрбумтан байна.
2. Москва. ОХУ-ын нийслэлийн тэрбумтнуудын тоо нэг жилийн хугацаанд огцом буюу 16-гаар нэмэгдэж 90 болсон байна. Ингэснээр энэ жилийн жагсаалтад Хонконгийг гүйцэж түрүүлжээ. Тэдний нийт хөрөнгийн хэмжээ ийнхүү 409 тэрбум болов. Оросын баячуудын орлогын эх үүсвэр нь гол төлөв газрын тосны үйлдвэрлэл байдаг нь харин хэвээрээ аж. Москвад амьдардаг Оросын хамгийн чинээлэг хүн, газрын тосны магнат Вагит Алекперовын хөрөнгө 28.7 тэрбум доллар.
3. Хонконг. Эндхийн тэрбумтнуудын тоо өнгөрсөн нэг жилд бага зэрэг (2) буурч 72, нийт хөрөнгө нь 309 тэрбум доллар болжээ. Гэвч Хонконг технологи, санхүүгийн тэрбумтнуудыг соронздон татдаг газар хэвээрээ байгаа юм. Нийт тэрбумтны тоо цөөрсөн ч криптовалют болон хиймэл оюун ухааны салбарын шинэ хөрөнгөтнүүд Хонконгод ирж суурьших явдал харин ч өссөөр байгаа аж. Хонконгийн хамгийн баян хүн болох бизнесмэн Ли Ка-Шингийн хөрөнгө өнөөдрийн байдлаар 38.9 тэрбум доллар байна.
4. Лондон. Тэрбумтнуудынх нь тоо сүүлийн хэдэн жил буурсан Лондон энэ жил эргэн сэргэж, шинээр есөн тэрбумтантай болжээ. Ингээд нийт 71 тэрбумтантай, хөрөнгө нь 355 тэрбум доллар болов. Энэхүү сэргэлт нь хөрөнгө оруулалт, технологийн салбарын өсөлттэй шууд холбоотой юм. Лондонгийн хамгийн баян оршин суугч, украин гаралтай бизнесмэн Лен Блаватник 29.9 тэрбум долларын хөрөнгөтэй.
5. Бээжин. Бээжин 2025 онд 68 тэрбумтантай, тэдний нийт хөрөнгө 273 тэрбум доллар байна. Хэдийгээр ерөнхий өсөлт удаашралтай байгаа ч үл хөдлөх хөрөнгө, технологийн салбараас Бээжинд тэрбумтнууд төрсөөр байгаа аж. “Xiaomi” компанийн гүйцэтгэх захирал, 43.5 тэрбум долларын хөрөнгөтэй Лэй Жун энэ хотын хамгийн баян хүн юм.
6. Мумбай. Энэтхэгийн хамгийн олон хүнтэй энэ хот нийт 349 тэрбум долларын хөрөнгөтэй 67 тэрбумтантай бөгөөд өнгөрсөн оныхоос хоёр байр ухарсан нь энэ юм. Ухарсан ч гэсэн энэ хот эдийн засгийн хүчин чадалтай хэвээр байна. Энэтхэгийн санхүүгийн төв гэгддэг Мумбай хотод технологи, эрчим хүч, үл хөдлөх хөрөнгийн салбарын тэрбумтнууд олон бий. Хамгийн баян хүн нь Мукеш Амбани, 92.5 тэрбум долларын хөрөнгөтэй. Тэрбээр Энэтхэгийн хамгийн чинээлэг хүн юм.
7. Сингапур. Энэ жил даруй хоёр байраар ахиж 60 тэрбумтантай болжээ. Тэдний нийт хөрөнгө 259 тэрбум доллар. “TikTok”, “CapCat” аппликэйшнүүдийг бүтээсэн “ByteDance” компанийн захирал Жан Имин Сингапурын тэрбумтнуудыг 65.5 тэрбум долларын хөрөнгөөр тэргүүлж байна. Эндхийн тэрбумтнуудын нийт хөрөнгийн 25 хувийг Жан овогт дангаараа эзэмшдэг ажээ.
8, 9. Сан-Франциско, Шанхай. Энэ хоёр хотод өнөө жил тус бүр 58 тэрбумтан байна. Сан-Францискод хиймэл оюун ухааны технологийн тэрбумтнууд ирсээр байгаа бөгөөд тэдний дунд сүүлийн үед маш хурдацтай хөгжиж буй “Anthropic” стартап байх жишээтэй. Харин Шанхай хот технологийн шинэчлэл, цахим худалдаагаар хүчтэй хэвээр байна. Сан-Францискогийн тэрбумтнуудын нийт хөрөнгө 217 тэрбум бол Шанхайнх 198 тэрбум доллар.
10. Лос-Анжелес. Америкийн баячуудын хэзээнээс тэмүүлдэг энэ хот 56 тэрбумтантай, нийт хөрөнгө нь 243 тэрбум. Эндхийн баячууд гол төлөв энтертэйнмэнт, технологи, үл хөдлөх хөрөнгийн салбарынхан байдаг. Дуучин Рианна (1,4 тэрбум доллар), сагсан бөмбөгийн тамирчин Леброн Жеймс (1,3 тэрбум доллар), жүжигчин Арнольд Шварценеггер (1,1 тэрбум доллар), медиа од Ким Кардашян (1,7 тэрбум доллар) нарын алдартнууд энд амьдардаг билээ.
Гэрэл зургийн эх сурвалж: www.edition.cnn.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.