Хятад: Хүн дүрст роботын анхны марафон болов
Анд нөхдийн мэдээ
2025-04-21
Хятадын нийслэл Бээжин хотод дэлхийн анхны хүн дүрст роботын марафон тэмцээн бямба гарагт болж өнгөрлөө. Бээжингийн Нанхайзи цэцэрлэгт хүрээлэнд болсон энэ тэмцээнд хүн шиг алхаж, гүйдэг, 75-180 см хооронд янз бүрийн өндөртэй 21 робот, оператор техникийн ажилтнуудын удирдлага дор 21.09 км зайн хагас марафонд хүч сорьжээ. Үүнийг "Роботууд анх удаа хүнтэй ижил нөхцөлд марафонд оролцлоо" гэж "Синьхуа" агентлаг онцолсон байна. Роботуудын чадварыг сорих зорилгоор налуу, муруй замд уралдуулсан бөгөөд тэмцээнд хурдаа сорих хугацаа нь 3 цаг 30 минут байв. Уралдааны үеэр батарейг солих, роботын их биеийг ижил загвараар солихыг зөвшөөрсөн байна. Ингээд тэмцээний ялагчаар Бээжингийн хүн дүрст роботын инновацын төв болон “Ubiquitous Technology” компанийн хамтран бүтээсэн "Tiangong Ultra" нэртэй робот тодров. 180 см өндөр, 52 кг жинтэй тус робот 2 цаг 40 минут 42 секундийн амжилтаар тэргүүн байр эзэлжээ. "Tiangong Ultra" робот эхний зургаан км-ээс цааш цагт 12 км-ийн хурдаар гүйсэн юм. Мөн тэмцээний үеэр тэжээл нь доголдож, цахилгааны түр зуурын хомсдол үүссэний улмаас нэг удаа унасан бөгөөд нийт гурван удаа батарейг нь сольсон байна. Тэмцээний хоёрдугаар байрт “Songyan Dongli’s” компанийн бүтээсэн 120 см өндөртэй “N2” робот оржээ. Харин тэмцээнд оролцсон нийт 21 роботоос ердөө зургаа нь уралдааныг дуусгасан аж. “China Daily” сонины мэдээлснээр энэ онд дэлхийн хүн дүрст роботын үйлдвэрлэлийн талаас илүү хувийг Хятад улс эзлэх төлөвтэй байгаа аж. Зах зээлийн судалгааны “Leaderbot” фирмийн гаргасан тайланд дурдсанаар 2025 онд Хятадын хүн дүрст роботын үйлдвэрлэл лабораторийн шатнаас арилжааны шатанд шилжсэн гэнэ. Хүн дүрст роботын анхны марафоныг зохион байгуулсан зорилго нь робот, хиймэл оюун ухааны салбарт олны анхаарлыг татах байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.