images

Олимпын домогт тамирчин бүсгүй сургуулийн эцэг, эхчүүдийн тэмцээнд манлайлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-21


   Эмэгтэйчүүдийн хөнгөн атлетикийн төрөлд амьд домог болсон Ямайка улсын тамирчин, 38 настай Шелли-Энн Фрейзер-Прайс хэмээх бүсгүй сургуулийн эцэг, эхчүүдийн спортын өдөрлөгт ур чадвараа үзүүлж домогт тамирчин гэдгээ дахин нотлов. "People" сэтгүүлийн мэдээлснээр тэрбээр хүү Сионыхоо сургуулийн спортын өдөрлөгийн эцэг, эхчүүдийн 100 метрийн гүйлтийн тэмцээнд оролцож өрсөлдөгчдөөсөө хол тасархай түрүүлжээ. Фрейзер-Прайс тэмцээний үеэр дроноор авсан бичлэгээ инстаграм хуудсандаа нийтэлж, "Намайг уралдахыг хориглоогүй болохоор хүчээ сорьж үзлээ” хэмээн хошигножээ. Үзэгчид болон цахим хэрэглэгчид түүнийг "Дроноосоо хурдан гүйсэн" гэжээ. Мөн тэр өдөр түүний хүү Сион саадтай харайлтад нэгдүгээр байр эзэлсэн байна. Фрейзер-Прайс бол Олимпын наадмаас гурван алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл, ДАШТ-ээс 10 алт, таван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн, энэ цагийн хамгийн агуу тамирчин юм. Тэрбээр 2008 оны Бээжингийн Олимп, 2012 оны Лондоны Олимпын наадмын эмэгтэйчүүдийн 100 метрийн төрөлд дараалан алтан медаль хүртсэн билээ. Фрейзер-Прайс 2017 оны наймдугаар сард хүү Сионоо төрүүлсний дараа спортдоо эргэн ирж "Пуужин ээж" хэмээн нэрлэгдэх болсон. Учир нь, ээж болсныхоо дараа буюу 2019 оны Катарын Дохагийн наадам, 2022 оны ДАШТ-д эмэгтэйчүүдийн 100 метрийн зайд түрүүлсэн юм. Харин өнгөрсөн жилийн Парисын Олимпод бэлдэж байхдаа бэртсэн тул тэмцээнд оролцоогүй аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.