Япон: Алдартай дуучин бүсгүй хичээлдээ өдөр бүр онгоцоор явдаг байсны учир
Анд нөхдийн мэдээ
2025-04-22
Японы охидын “Sakurazaka-46” хамтлагийн гишүүн Юзүки Накашима урлагийн карьерын хажуугаар их сургуулиа хэрхэн суралцаж төгссөн тухай түүхээ ярьжээ. Тэрбээр ажлын байдлаас болж Токио хотод амьдардаг ч 1000 км-ийн холд орших Фүкүока хотын Китакюүшү их сургуульд суралцдаг байжээ. Багаасаа мөрөөдөж явсан сургуульдаа орж, хажуугаар нь дуу хөгжмийн ажлаа давхар хийх болсон хэдий ч хичээл сургуулиа огтхон ч орхиогүй байна. Тэрбээр өглөөний 5:30 цагт босож, 30 минутын дотор хувцаслаж үс зүсээ янзлаад 6:30 цагт Ханеда нисэх буудлаас онгоцонд суун Фүкүока хот руу хичээлдээ явдаг байжээ. Нислэгийн 1 цаг 30 минутыг ашиглан онгоцон дотор хичээлээ хийгээд, онгоцноос буунгуут автобусанд суун өглөөний 9:30 цагт хичээлдээ амжиж ирнэ. Заримдаа такси хөлөглөнө. Оюутан ахуйдаа тэрбээр нэг өдөрт тээврийн зардалд 30 мянга орчим иен зардаг байсан гэнэ. Хичээл тараад дахин онгоцоор Токиод буцаж ирээд оройн цагаар дуулж бүжиглэн тоглолтын бэлтгэлээ хийдэг байжээ. Яг дөрвөн жил ийм маягаар суралцсаны эцэст сургуулиа амжилттай төгсөн саяхан дипломоо гардан авсан байна. Найзууд нь түүнийг олны танил дуучин мөртлөө маш энгийн аж төрдөг, даруухан зантай болохыг хэлжээ. Тэрбээр төгсөлтийн ёслол дээрээ энэ тухайгаа дэлгэн “Мөрөөдөлтэй л бол, амьдрал хичнээн ч хэцүү байсан зоригтойгоор сөр, мөрөөдлийнхөө араас хөөцөлд. Хожим энэ бүхэн нандин дурсамж болно” гэж ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.