images

АНУ: 81 настай Л.Батмөнх 200 мянган доллар дагалддаг “Goldman” шагналыг хүртэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-04-22


   Дорноговь аймгийн онгон дагшин байгалийг хамгаалахын тулд 15 жил зүтгэж 500 мянган га газрыг төрийн тусгай хамгаалалтад авхуулсан Л.Батмөнх өнөөдөр байгаль орчны салбарын “Goldman” шагналыг хүртлээ. Тэрбээр өдгөө 81 настай бөгөөд уул уурхайн салбарт цахилгааны инженерээр ажилладаг байжээ. Улмаар түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчинд ямар сөрөг нөлөө авчирдгийг хараад хулан, аргалийн өлгий нутаг болсон төрөлх Дорноговь аймгийнхаа газар нутгийг хамгаалахаар шийдсэн байна. Л.Батмөнх өнөөдөр АНУ-д болсон шагнал гардуулах ёслолын индэр дээрээс “Миний бие уугуул нутаг Дорноговийнхоо үзэсгэлэнт байгалийг хамгаалахыг чин сэтгэлээсээ хүссэн” хэмээн хэлэв. “Goldman” байгаль орчны сангаас энэ шагналд жил бүр зургаан хүн буюу Ази, Африк, Арлын орнууд, Хойд, Өмнөд, Төв Америкаас тус бүр нэг хүн шалгаруулдаг. Энэ жил Ази тивээс тодорсон Л.Батмөнхийн хамт Албани, Америк, Перу, Тунис улс, Канарын арлын байгаль орчны идэвхтнүүд уг шагналыг хүртлээ. Монгол улсаас “Goldman” шагналыг 2019 онд ирвэс хамгаалагч А.Баярсайхан, 2007 онд гол мөрөн хамгаалагч Ц.Мөнхбаяр авсан түүхтэй. “Ногоон Нобель” гэгддэг энэ шагналыг 2024 онд 200 мянган доллар дагалдаж байв. Шагналын эздийг Сан-Франциско, Вашингтон хотуудаар 10 хоног аялуулж, хэвлэлийн бага хурал, танилцуулгад оролцуулахын зэрэгцээ улс төр, нийгэм, бизнес, байгаль орчны хөдөлгөөний манлайлагчидтай уулзуулдаг байна.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.