images

Франц: Ван Гогийн зурагт дүрслэгдсэн модыг хэн эзэмших вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-22


   XIX зууны сүүл үеийн импрессионист зураач Винсент ван Гогын сүүлчийн бүтээл "Модны үндэс" зургийн эх сурвалж болсон модыг өмчлөх эрхийн талаарх маргаан олон жил үргэлжилж байна. Их Британийн The Telegraph сонины мэдээлснээр, Ван Гог амьдралынхаа сүүлийн хоёр сарыг өнгөрүүлсэн Парис хотын ойролцоох Овэр-сюр-Уаз хот болон тус хотын оршин суугч Х.Селинжер нарын хооронд уг модыг өмчлөх эрхийн төлөө хуулийн маргаан 2020 онд эхэлжээ. Тухайн үед урлагийн мэргэжилтнүүд уг хотын нэгэн замын хажуу дахь модны үндсийг Ван Гогийн 1890 онд зурсан бүтээлтэй яг адилхан болохыг тогтоожээ. Үүний дараа дэлхий даяар уг модыг сонирхох болсон байна. "Парисын хойд зүгт орших эгэл нэгэн хот хоромхон зуур дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсан" гэж тус сонин бичжээ. Гэвч энэ нээлт удалгүй хуулийн маргааны сэдэв болов. Мод хотын захиргааны мэдэлд харьяалагддаг уу, эсвэл уг газрыг эзэмшдэг эхнэр нөхөр Жан-Франсуа, Хелен Селинжер нарынх уу гэдгийг хуулийн байгууллага эцэслэн шийдэж чадаагүй байна. 2023 оны зургаадугаар сард болсон эхний шүүх хурал, өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд болсон хоёр дахь шүүх хурлын шийдвэр хоёулаа Х.Сэлинжерийн талд гарсан бөгөөд хотын захиргаа давж заалдахаа мэдэгджээ. Хотын дарга Изабэль Мэзиэр "Энэ мод хотын иргэдийнх. Ард түмний нийтийн эрх ашгийг хувийн ашиг сонирхлын төлөө золиослох боломжгүй. Өмчлөлийн асуудал хараахан шийдэгдээгүй байна" гэжээ. Харин Х.Селинжер "Хоёр удаа ялсан учраас энэ модыг эзэмших эрх бидэнд олгогдлоо. Одоо бид тэмцлээ зогсоож, энэ нандин модыг арчилж тордоно" гэж Францын Le Parisien сонинд ярьсан байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.