Ромын дараагийн пап хэн бэ?
Анд нөхдийн мэдээ
2025-04-22
Ромын 266 дахь пап Францис архаг бронхит өвчний улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаад 88 насандаа өчигдөр таалал төгссөн билээ. Тиймээс түүний орыг залгах дараагийн пап хэн байж болох талаар дэлхийн хэвлэлүүд бичиж эхлэв. Католик шашны тэргүүн болохуйц хэд хэдэн хүн байгаагийн дотор ази, хар арьст хүмүүс байгаа нь олны анхаарлыг татаж байна. “Ази Францис” гэдэг хочтой, 67 настай Луис Антонио Таглэ бол филиппин гаралтай кардинал юм. Тэрбээр өмнөх пап Бенедиктийн үед кардинал болсон бөгөөд анхны ази пап болох магадлалтай. Харин анхны хар арьст пап болж магадгүй хүн бол Гана улсын Пэтэр Турксон аж. Уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, эдийн засгийн шударга ёсны төлөө дуу хоолойгоо тууштай өргөгч тэрбээр 76 настай. Гэхдээ П.Турксон хар арьст пап болж магадгүй ганц хүн биш. Түүний нэгэн адил дараагийн пап болох магадлалтай хар арьст хүн бол Гвиней улсын 79 настай Роберт Сара билээ. Гэхдээ дараагийн папын сонголтын тэргүүнд нэрлэгдэж буй хүн бол Италийн Пиербаттиста Пиззабалла аж. Тэрбээр Ватиканыг Ойрх Дорнодод төлөөлдөг бөгөөд хэрэв пап болбол 1978 онд пап болсон I Жон Полын дараах анхны итали хүн болно. Мөн 2013 оноос Францист шадарлаж, төрийн нарийн бичгийн даргаар нь ажилласан, 70 настай Пиетро Паролин өрсөлдөгчдийн тэргүүн эгнээнд байна. Тэрбээр англи, франц, итали, испаниар чөлөөтэй ярьдаг, Ватиканы дипломат албанд 20 гаруй жил зүтгэж олон улсын харилцааг нь тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Харин дараагийн нэр дэвшигч бол Конго улсын нийслэл Киншасад суудаг кардинал Фридолин Амбонго Бесунгу ажээ. Тэрбээр пап Францистай тун дотно байсан төдийгүй Кардиналуудын зөвлөлийн есөн гишүүний нэг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.