images

АНУ: Хүнсний хиймэл будгийг хэрэглээнээс хасна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-22


   АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Роберт Кеннеди найман төрлийн хүнсний будгийг үе шаттайгаар хэрэглээнээс хасна гэдгээ мэдэгдэв. Газрын тосонд суурилсан хүнсний будгийг тус улсад үр тариа, спортын ундаа, хийжүүлсэн ундаа, чихэр, хөнгөн зууш зэрэг бүтээгдэхүүнд өргөнөөр хэрэглэдэг тул энэ шийдвэр нь хүнсний үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Харин яамны сайд энэ шийдвэрээ "Америк хүмүүсийг эрүүлжүүлэх төрийн бодлогын чухал алхам" гээд 2026 он гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар зорьж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжиж, Засгийн газрын сайд болбол хиймэл хүнсний будаг, хэт боловсруулсан хүнсний асуудлыг зоригтойгоор шийднэ гэж амласан юм. Түүнээс гадна мэрэгэжилтнүүд хүнсний хиймэл будгийг хүүхдийн мэдрэлд эмгэг үүсгэх магадлалтай гэж үздэг. Тус улсын хүнсний үйлдвэрлэлд цэнхэр (No1), улаан (No40), шар (No5) өнгийг өргөнөөр ашигладаг. Харин Европт эдгээр пигментүүдийн заримыг хэрэглэхийг хориглож, зөвшөөрөгдсөн хэсэгт нь анхааруулга бичсэн байдаг. Канад улсад нэрс, луувангаас гаргаж авсан байгалийн пигментийг ашигладаг ажээ. АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) хорт хавдар үүсгэдэг гэсэн шалтгаанаар энэ оны эхээр зөвхөн улаан (№3) өнгийг хэрэглэхийг хориглосон юм. Хэрэв энэ бодлого хэрэгжиж эхэлвэл “General Mills”, “Kraft Heinz”, “PepsiCo” зэрэг хүнсний томоохон компаниудад томоохон нөлөө үзүүлж болзошгүй юм. Харин эдгээр компаниуд хиймэл өнгө хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн шинжлэх ухааны нотолгоо хангалтгүй гэж мэдэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.