images

Тэйлор Свифтийг гүйцэж дэлхийн хамгийн залуу тэрбумтан болсон эмэгтэй хэн бэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-23


   "Scale AI" хиймэл оюун ухааны компанийг үүсгэн байгуулагч, эдүгээ 30 настай Люси Гуо дэлхийн хамгийн залуу тэрбумтан эмэгтэй болжээ. Тэрбээр дэлхийн хамгийн залуу эмэгтэй тэрбумтан, поп од Тэйлор Свифтийг хөрөнгийн хэмжээгээрээ гүйцэж түрүүлсэн байна. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, ScaleAI” нь компаниа 25 тэрбум доллараар үнэлж олон нийтэд хувьцаа гаргажээ. Энэ нь өнгөрсөн оны тавдугаар сард нэг тэрбум доллар босгож, компанийнхаа үнэлгээг 13.8 тэрбум доллар болгосноос хойш 80 хувиар өссөн үзүүлэлт юм. Люси Гуо 2018 онд бизнесийн хамтрагч Александр Вантай санал зөрөлдсөний улмаас тус компаниас гарч, ердөө 5 хувийн хувьцаа эзэмших болсон бөгөөд түүний хувьцаа одоогоор 1.2 тэрбум доллароор үнэлэгдэж байна. Тэрбээр амжилтынхаа талаар "Би тэрбумтнаар шалгарах талаар огт бодож байгаагүй. Энэ бол зүгээр нэг цаасан дээр байгаа тоо шүү дээ” гэж хариулжээ. Хятадын цагаач гэр бүлээс гаралтай Л.Гуо нь Сан Францискод төрж өссөн бөгөөд дунд сургуульд байхдаа код бичиж эхэлсэн аж. Карнеги Меллоны их сургуулийн компьютерийн ангид сурч байгаад сургуулиа орхисон бөгөөд удалгүй Thiel Fellowship хөтөлбөрт хамрагдсан байна. Улмаар 2016 онд 21 настайдаа Quora болон Snapchat-д бүтээгдэхүүн зохион бүтээгчээр ажиллаж байхдаа танилцсан Александр Вантай хамтран ScaleAI” компанийг үүсгэн байгуулжээ. Тус компани нь хиймэл оюун ухааны сургалтанд зориулсан мэдээллийн хаяг, дизайн хийх чиглэлээр бизнесээ эхлүүлсэн бөгөөд одоо Украины хиймэл дагуулын зургуудад дүн шинжилгээ хийх, ChatGPT-ийн сургалтыг дэмжих зэргээр бизнесийн хүрээгээ улам өргөжүүлж байна. ScaleAI-аас гарсныхаа дараа тэрбээр Backend Capital компани байгуулж, хөрөнгө оруулалт татаж чадсан бөгөөд 2020 онд 13 тэрбум долларын үнэлгээтэй санхүүгийн програм хангамжийн Ramp компанид хөрөнгө оруулалт хийжээ. Улмаар 2022 онд "Passis" платформ зохион бүтээсэн бөгөөд тус компани дэлхийн алдартай гимнастикч Оливиа Данн, сагсан бөмбөгчин Шакил О'Нил зэрэг алдартнуудтай гэрээ байгуулж хамтран ажиллах болжээ. Л.Гуо одоогоор Лос Анжелес хотод амьдардаг бөгөөд өдөр бүр биеийн хүчний дасгал хийж, амьдралынхаа энэ хэвшлийн талаар “Instagram”-аар нийтэлж, хөгжмийн наадмыг ивээн тэтгэх, идэвхийлэн оролцох зэргээр цаг мөч бүрийг үр дүнтэй, эрч хүчтэй өнгөрөөж байгаа тухайгаа ярьсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.