images

"PolitiFact": Мэдээ уншаад уур хүрч байвал үнэн эсэхэд нь эргэлз

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-23


   АНУ-ын баримт шалгадаг тэргүүлэгч хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “PolitiFact” вэбсайтын ерөнхий редактор Кэти Сандерс хуурамч мэдээлэл, түүнийг таних арга, баримт мэдээ шалгадаг ажлын онцлогийн талаар ярьсан байна. Тэрбээр "Хэрэв та зарим нэг мэдээг уншаад маш ихээр уур хүрэх, эсвэл айдаст автаж байвал тэр мэдээний үнэн эсэхэд шууд эргэлзэх хэрэгтэй. Ийм мэдээ ихэнхдээ худал байдаг” гэжээ. 2007 онд үүсгэн байгуулагдсан “PolitiFact” ашгийн бус байгууллага нь “зургаан шатлал бүхий үнэнийг шалгагч” гэх хэрэглүүрээр дамжуулан баримт, мэдээг шалгах, хуурамч мэдээг тогтоох аргыг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан бөгөөд 2009 онд Пулицерийн шагнал хүртсэн юм. Тэрбээр мөн "ямагт, "үргэлж", "хэзээ ч" гэх мэт хүч нэмэгдүүлсэн үг ашигласан мэдээг заавал бусад эх сурвалжтай харьцуулан нягтлах шаардлагатайг онцолж байна. Хатагтай К.Сандерс өнгөрсөн сард Лос-Анжелес хотод болсон гал түймрийн үеэр олон нийтийн сүлжээгээр хаа сайгүй тарсан гэрэл зургуудыг жишээ болгон дурджээ. Тухайн үед цахим орчныг дүүргэж байсан цочирдмоор гэрэл зургуудын ихэнх нь Лос-Анжелест биш, харин 2023 онд Хавай арлын Мауи хотод гарсан түймрийн үеэр авсан зургууд байжээ. Энэ тухайд тэрбээр "Олон эх сурвалжтай тулгаж нягтлахгүйгээр мэдээг зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан төдийгөөр хүлээн авч шууд итгэх нь ийм осолтой” гэсэн байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн талаар К.Сандерс "Хэвлэлүүд нэрээ нууцалсан эх сурвалжид хэт найдаж, мэдээллийн хурдыг хэт чухалчлахдаа үнэн, зөв гэдэг ойлголтыг ямагт хоёрдугаарт тавьдаг гэмтэй" гэжээ. Дональд Трамп төрийн эрхэнд гарснаас хойш “PolitiFact”-ын гол дэмжигч байсан “Meta” (Facebook) компани баримт шалгах хөтөлбөрөө зогсооно гэж мэдэгдсэн бөгөөд энэ цагаас хойш тус байгууллага санхүүгийн асуудалтай тулгараад байгаа аж. Гэхдээ К.Сандерс "Энэ бол "PolitiFact"-ын төгсгөл биш" гээд "Эрх мэдэлтэй хүмүүсийг шалгах нь үргэлж эр зориг шаарддаг” гэжээ. Конгресс, Цагаан ордон, Засгийн газрын агентлагуудыг сурвалжилж буй сэтгүүлчид сурвалжлага хийж, мэдээ нийтлэл оруулахад "PolitiFact"-ын мэдээллийн албаны гурван редактор үнэнээс худал хүртэлх зургаан онооны системээр нягталж эцсийн үнэлгээ өгдөг ажээ. Эцэст нь тэрбээр "Бид сонгогчид, ард түмэнтэй ямагт хамт, илүү тууштай байх болно" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.