Холбооны шүүх Д.Трампын шийдвэрийг хууль бус гэж үзэв
Анд нөхдийн мэдээ
2025-04-23
“Америкийн дуу хоолой” (VOA) болон “Чөлөөт Ази” радио (RFA) сувгийн үйл ажиллагааг хязгаарласан ерөнхийлөгч Д.Трампын шийдвэрийг АНУ-ын Холбооны шүүх хууль бус гэж үзлээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, нийслэл Вашингтон хотын шүүхийн шүүгч Ройс Ламберт ерөнхийлөгчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж хүчингүй болгосон төдийгүй Глобал хэвлэл мэдээллийн товчооны (USAGM) харьяанд байдаг уг хоёр радиогийн үйл ажиллагааг сэргээхийг үүрэг болгожээ. USAGM нь АНУ-ын төсвөөс санхүүжилт авдаг VOA, RFA зэрэг өргөн нэвтрүүлгийн байгууллагуудад хяналт тавьдаг төрийн захиргааны агентлаг юм. Д.Трампын засаг захиргаа дотоодын олон хуулийг шууд зөрчиж байгааг шүүгч Р.Ламберт анхааруулаад, дээрх мэт шийдвэрүүд нь үндэслэл болгох ямар ч дүн шинжилгээ байхгүй хэмээн шүүмжилжээ. USAGM-ийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч “Associated Press” агентлагт өгсөн ярилцлагадаа "Шүүхийн шийдвэр нь ардчиллыг хөгжүүлэх, ташаа мэдээлэлтэй тэмцэхэд хараат бус сэтгүүл зүйн үүрэг онцгой чухал болохыг дахин нотолж байна" гэжээ. USAGM нь эрх чөлөө, ардчиллын үзэл санааг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх зорилготой VOA, RFA зэрэг зургаан байгууллагыг ажиллуулж ирсэн ч Д.Трампын засаг захиргаа үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гааргасан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.