images

Монголын франц хэлний анхны багш нарын нэг Б.Хэнмэдэхийг Хүндэт легионы одонгоор шагнажээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-04-23


   МУИС 1963-1964 оны хичээлийн жилд Хэл бичгийн факультетийн Гадаад хэлний тэнхимд франц хэлний багш-орчуулагчийн таван жилийн сургалттай анги нээснээр Монгол улсад франц хэлийг албан ёсоор зааж эхэлсэн түүхтэй. Энэ үед Москва хотын Гадаад хэлний дээд сургуулийг франц, орос хэлний багш, орчуулагч мэргэжлээр 1957-1963 онд сурч дүүргэн сургуульдаа нэг жил багшлаад, 1964 онд МУИС-д ирж франц хэлний Монголын анхны багш нарын нэг болсон Б.Хэнмэдэх өчигдөр Францын төрийн дээд шагнал Хүндэт легионы одон (Ordre national de la Légion d'honneur) хүртлээ. Өдгөө 88 настай тэрбээр 1937 онд Улаанбаатар хотод төрж, 1957 онд 10 жилийн V сургуулийг төгссөн байна. МУИС-д 1964-1969 онд ажиллаад 1969-1972 онд Парис дахь Монгол улсын Элчин сайдын яаманд атташегаар ажиллажээ. Улмаар Монголын эмэгтэйчүүдийн хороо, Нийгмийн ухааны хүрээлэн, Боловсролын хүрээлэнд ажилласан бөгөөд монгол хэлнээ “Пьер, хонь, нохой гурав”, “Алтан лиш цэцэг”, “Тарасконы Тартарен” зэрэг зохиолыг орчуулсан байна.Хүндэт легионы одонгийн дараа Францад хоёрдугаарт ордог Үндэсний гавьяаны одонгоор Б.Хэнмэдэх багш 1998 онд шагнуулсан түүхтэй. Хүндэт легионы одонг хүртсэн анхны монгол хүн бол МУИС-д франц хэлний багшаар гуч гаруй жил ажилласан Г.Буяннэмэх юм. Тэрбээр уг одонг 1994 онд хүртэж байв. Сонирхуулахад, Монгол улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Н.Чимгүүндарь саяхан Францын Үндэсний гавьяаны одонгийн Хүлэгт баатар хэмээх зэрэглэлийг хүртсэн билээ. Мөн 2023 онд МУИС-ийн Европ судлалын тэнхимийн франц хэлний багш доктор, дэд профессор Б.Алтангүл, С.Дорждэрэм, Хэлний туршилт судалгааны төвийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Булгантамир нар Францын Засгийн газраас олгодог “Ordre des Palmes académiques” буюу “Эрдмийн далдуу мод” одонг хүртсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.