images

В.Путин Украины дайныг дуусгах санал тавьжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-23


   ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин одоогийн фронтын шугамыг хэвээр хадгалаад Украины дайныг зогсоох саналыг АНУ-д тавьсан тухай Их Британийн “Financial Times” сонин мэдээлэв. Украины Донецк, Луганск, Херсон, Запорожье мужийг бүгдийг ОХУ-ын нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрснөөр гал зогсоох нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн өмнөх шаардлагаасаа Орос улс буцаж байгаа аж. Энэ сарын эхээр Москвад айлчилсан АНУ-ын элч Стив Уиткоффтой уулзах үеэрээ В.Путин дээрх дөрвөн мужийн Украины хяналтад байгаа хэсгээс татгалзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай зарим эх сурвалж мэдээлж байна. 2022 онд Украинд цөмрөн орсныхоо дараахан Оросын арми эдгээр мужийн нэлээд хэсгийг эзэлж өөртөө нэгтгэсэн ч бүрэн хяналтдаа хараахан аваагүй байгаа юм. Нөгөө талаар АНУ Крымийн хойг дахь Оросын бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрч, Оросын армийн эзэлсэн дөрвөн мужид тэдний хяналтыг мөн хүлээн зөвшөөрч буйг баталгаажуулах агуулгаар хэлэлцээ хийхийг санал болгосон гэнэ. Мөн Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх, Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг зөөлрүүлэх, АНУ, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг бусад нөхцөлүүд багтжээ. Улмаар Украинд аюулгүй байдлын баталгаа гаргах, Орост эзлэгдсэн Харьковын зарим хэсгийг буцааж авах, дайны дараах сэргээн босголтод тусламж үзүүлэх зэргийг санал болгосон байна. Үүний зэрэгцээ Украин, АНУ, Их Британи, Франц, Германы төлөөлөгчид өнөөдөр Лондон хотноо хуралдаж, энхийн төлөвлөгөөг хэлэлцэхээр төлөвлөж буй аж. Мөн Д.Трампын элч С.Уиткофф энэ долоо хоногт ОХУ-д айлчилж хэлэлцээг үргэлжлүүлнэ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.