Герман: Оросын Элчин сайдыг Ялалтын баярт оролцуулахгүй
Анд нөхдийн мэдээ
2025-04-24
Герман улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Сергей Нечаевыг Ялалтын баяраар Берлин хотод болох ёслолын арга хэмжээнд оролцуулахгүй төдийгүй хэрвээ оролцвол тэндээс хөөн гаргаж магадгүй байгаа талаар Германы “Bild” сэтгүүл мэдээллээ. Нацизмыг ялсны баярт Элчин сайдыг урихгүй нь тодорхой болсон бөгөөд “Хэрвээ тэрбээр уг арга хэмжээнд ирвэл бид дотоод журмаа баримтлахын тулд хамгаалалтын албаны туслалцааг авах шаардлага гарах вий” хэмээн Бранденбургийн дурсгалын цогцолборын захирал Аксель Дреколл “Bild” сэтгүүлийн сурвалжлагчид өчигдөр хэлсэн байна. ОХУ Украинд довтолсон цагаас эхлэн аливаа ойн арга хэмжээнд Оросын дипломатчидыг оролцуулахыг хориглосон болохыг А.Дреколл тэмдэглэжээ. Харин үүний хариуд Элчин сайд С.Нечаев “Нацизмын харгислалын хохирогчид, тэднийг чөлөөлсөн Зөвлөлтийн дайчдын дурсгалыг олон нийтийн газар хүндэтгэх, Ялалтын баярыг ёслол төгөлдөр тэмдэглэхэд бидэнд ямар нэг урилга хэрэггүй” хэмээн хэлснийг “Bild” сэтгүүл мөн эш татсан байна. Үүний өмнө ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Ялалтын 80 жилийн ойд зориулсан дурсгалын арга хэмжээнд Орос, Беларусийн иргэд оролцвол нэн даруй хөөн гаргахыг Германы Гадаад хэргийн яам орон нутгийн эрх баригчдад зөвлөсөн” хэмээн мэдэгдсэн юм.
Гэрэл зургийн эх сурвалж: “Bild” сэтгүүл
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.