images

Чечень: 17 настай хүүг Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-04-24


   ОХУ-ын Чеченийн Бүгд найрамдах улсын тэргүүн Рамзан Кадыровын хүү, 17 настай Адам Кадыровыг тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилжээ. Чеченийн  эрх баригчид энэ талаар одоогоор албан ёсоор мэдээлээгүй боловч Аюулгүй байдлын зөвлөлийн Telegram суваг болон вэбсайтад А.Кадыровыг ийм албан тушаалтайгаар нэр дурдсан байна. Мөн төрийн мэдлийн “Грозный-Информ” “Чечня сегодня” агентлагийн мэдээнд ийн дурджээ. 10 хүүхэдтэй Р.Кадыровын дөрвөн хүүгийн гурав дахь нь болох А.Кадыровын нэр олон нийтийн анхаарлыг анх татсан нь 2023 оны тавдугаар сард Грозный хотод болсон дуулиант явдал байв. Тухайн үед Коран судрыг шатаасан гэх Оросын сэтгүүлч Никита Журавелийг Чеченийн цагдаагийнхан баривчилсан бөгөөд саатуулах байранд байхад нь А.Кадыров биеэр очиж түүнийг зодсон хэмээн хэвлэлүүд бичсэн төдийгүй сэтгүүлч өөрөө ч энэ явдлыг нотлон ОХУ-ын Хүний эрхийн хороонд гомдол гаргасан юм. 15 настай А.Кадыров энэ явдлаас хойш нэг сарын дараа Чеченийн Бүгд найрамдах улсын баатар цолоор хүртсэний зэрэгцээ эцгийнхээ аюулгүй байдлын албаны даргаар томилогдсон билээ. 2024 оны дөрөвдүгээр сараас тэрбээр Чеченийн Гудермес хот дахь В.Путины нэрэмжит Тусгай хүчний их сургууль, 2025 оны дөрөвдүгээр сараас Чеченийн Дотоод хэргийн яамны удирдах албан тушаалд ажиллаж байв.              

Гэрэл зургийн эх сурвалж: newstracker.ru

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.