Их Британи: Цагаан хоолтнууд мах идэхгүй байхыг уриалж жагсав
Анд нөхдийн мэдээ
2025-04-24
Их Британийн нэгэн томоохон сүпермаркетад махны хэрэглээг эсэргүүцсэн цагаан хоолтнууд жасгаал хийжээ. “Daily Mail” сонины мэдээлснээр, өнгөрсөн 19-ний өдөр цагаан хоолтнуудын бүлгэмийн гишүүн байсан эмэгтэй Кэнтербэри хотын хүнсний дэлгүүр дотор махны хэрэглээг эсэргүүцэхийг чанга яригчаар уриалж, бусад жагсагч мал нядлаж буйг харуулсан зургийг худалдан авагчдад үзүүлэн мах, өндөг, цагаан идээ гэх мэтийг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг ухуулсан гэнэ. Энэ явдал мах, өндөгний хэрэглээ их байдаг Улаан өндөгний баярын өмнөх өдөр болсон байна. Энэ үеэр нэгэн эр дээрх эмэгтэйн чанга яригчийг булаан авч чулууджээ. Халдлагад өртсөн эмэгтэй энэ явдлыг гар утсаараа бичин авч олон нийтийн сүлжээнд нийтлэв. Жагсагчидтай хэсэг зуур маргалдсаны дараа нөгөө эр дэлгүүрээс гарч явсан ч удалгүй эргэн ирж уучлалт гуйгаад, чанга яригчийн төлбөрийг төлсөн байна. Гэсэн хэдий ч цагаан хоолтнууд махны хэрэглээг эсэргүүцсэн жагсаалаа үргэлжлүүлсээр байжээ. Дээрх бичлэгийг үзсэн цахим хэрэглэгчид цагаан хоолтнуудыг шүүмжилж “Юу идэхийг минь хүртэл битгий заа”, “Юуг эсэргүүцэх нь таны эрх. Гэхдээ бид юу идэхээ өөрсдөө мэдье” гэх зэрэг сэтгэгдэл үлдээсэн байна. Бичлэгийг цахимд байршуулсан эмэгтэй “Амьтны харгислалыг эсэргүүцэж байна”, “Мах, сүү, өндөгний хэрэглээнээс болж амьтад ихээр хохирч байна” гэсэн тайлбар хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.