Беларусь: Ялалтын баяраар 8000 хоригдлыг суллана
Анд нөхдийн мэдээ
2025-04-25
Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенкогийн тушаалаар тус улсын Засгийн газар “Эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн төсөл өргөн барьсныг парламент нь хэлэлцэж эхэллээ. “Хууль батлагдвал засан хүмүүжүүлэх газар ял эдэлж буй 8000 гаруй хоригдлыг суллана” хэмээн ерөнхийлөгчийн Тамгын газрын “Telegram” суваг мэдээлжээ. Юуны түрүүнд, тодорхой заалтад хамрагдсан өвчнөөр өвчилж буй хүмүүс суллагдах бөгөөд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, 70 нас хүрсэн, зургаа хүртэлх жилийн ялтай хүмүүсийг шууд суллах аж. Мөн санамсар болгоомжгүйгээс хүний аминд хүрсэн хэрэгтнүүдийн ялаас нэг жил хасах гэнэ. Өршөөлд хамрагдах хүмүүс юуны түрүүнд бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, ял шийтгэл эдэлж байх хугацаандаа үлгэр жишээ хүмүүжсэн байх ёстой ажээ. 2024 оны зургаадугаар сард А.Лукашенко Белорусийг нацист булаан эзлэгчдээс чөлөөлсний 80 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх хуульд гарын үсэг зурсан бөгөөд насанд хүрээгүй хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, Чернобылийн цөмийн станцын дэлбэрэлтээс хохирол амссан иргэдийг ялаас чөлөөлсөн билээ.
ОХУ-ын хувьд Ялалтын баярыг тохиолдуулан хоригдлуудад өршөөл үзүүлэх асуудал яригдаагүй болохыг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков өнгөрсөн сард мэдэгдсэн билээ.
Гэрэл зургийн эх сурвалж: www.life.ru
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.